Ж.Батзандан: Цэцийн шийдвэрийг улс төрийн нөлөөнд орсон, захиалгат шийдвэр гэж үзэж байгаа

2018-10-01
|
Хэвлэлийн хурал

Одоогийн хууль эрх зүйн тогтолцоогоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван арга зам байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу, Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа. Ардчилсан нам ард түмнээсээ зөвшөөрөл авах замаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. 2000 онд эрх баригч нам  ард түмнээс асуухгүй өөрчлөлт оруулснаар одоо байнгын хороо тавхан гишүүнтэй хуралддаг болсон. УИХ-ын 20 -хон гишүүн сууж байгаа хууль баталдаг байдал бий болсон. Үндсэн хуульд нэг нам хүч түрж хулгайн замаар өөрчлөлт оруулж болохгүй.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарж Хэнтийн аймгийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгоод байгаа. Цэцийн энэ шийдвэрийг улс төрийн нөлөөнд орсон, захиалгат шийдвэр гэж үзэж байгаа. Эрх баригч нам 42 дугаар тойргийн сонгогчийн эрхийг зөрчсөн. Монголын нийт ард түмнийг доромжилсон шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн цэц аливаа шийдвэрийг гаргахдаа Үндсэн хуулийг суурь зарчим, үзэл санаагаа хамгаалж шийдвэрээ гаргах учиртай. Түүнээс иргэнийг суурь эрхээс нь салгасан шийдвэр байх ёсгүй. Цэцийн шийдвэрийн үндэслэлийн тухайд төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд оролцохоос тодорхой хугацааны өмнө чөлөөлөгдсөн байх ёстой гэдэг салбар хуулийн заалтыг баримталж шийдвэрээ гаргасан байна. Гэтэл энэ салбар хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хууль байгаа. Тэгээд ч Үндсэн хуулийн цэц салбар хуулийг барьж шийдвэр гаргадаггүй Үндсэн хуулийг барьж шийдвэр гаргах ёстой. Тиймээс Үндсэн хуулийг цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй байгаа юм.

Ангилал


Twitter


Facebook