Л.Болд: М.Энхболд ээлжит бус чуулган зарлахгүй, цаг хожиж байгаа нь буруу

2018-09-17
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Л.Болдтой ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, шалтгаан нөхцлийн талаар ярилцлаа.  

-“УИХ БОЛ УИХ-ЫН ДАРГА ЮМ” ГЭСЭН САНААГ ОЛОН НИЙТЭД
ХҮЧЭЭР ТУЛГАЖ БАЙНА-

-АН-ын бүлгийн зүгээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 60 тэрбумын асуудлаар шаардлага хүргүүлсэн. Шаардлагын гол зорилго, утга агуулгын талаар ярилцлагынхаа эхэнд асууя.

-60 тэрбум нэг намын дотоод асуудал биш. Монголын төрийг схемчилж байгаад, дэлгүүрийн бараа шиг зарах талаар ярьсан нь ноцтой асуудал юм. Энэ нь Монгол Улсын оршин тогтнох эрхийг хөндсөн зүйл. Сүүлийн хоёр жил энэ асуудал яригдаж, хангалттай хэмжээнд баримтууд сөхөгдлөө. Ард түмэн ч маш ойлгомжтойгоор дүнгээ тавьчихаад байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын асуудлыг цэгцэлнэ” гэж ард түмэндээ амласан. Олон нийт одоо энэ асуудлыг хэрхэн шийдэгдэх нь үү гэж хүлээж байна. Хуулийн байгууллага өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудлыг зориуд царцааж, булзайруулсан байдлаар ажиллаж ирлээ. Ийм байдлыг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлага тавигдсан ч УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийг хүртэл хүлээж авсангүй. Тиймээс бид МАН-ын даргад нь хандаж, ер нь энэ асуудлаа нэг талд гаргаач ээ гэж шаардаж байгаа юм.

-Намрын чуулганаас өмнө 60 тэрбумын асуудлаар УИХ-ын  ээлжит бус чуулган хуралдах болов уу?

-УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболд хүргүүлсэн. Энэ хоёр хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсангүй. Ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихлээ. УИХ-ын дарга М.Энхболд өөрийнх нь 60 тэрбумын асуудлыг ярина гэхээр булзайруулж, цаг хожоод яваад байна. Энэ нь маш хортой үзэгдэл юм. Улстөржих болохоороо УИХ, хууль хяналтын байгууллагууд ямар хурдтай ажилладаг билээ. Гэтэл 60 тэрбумын асуудал УИХ дээр, хууль хяналтын байгууллага дээр мухардчихдаг. Тиймээс 60 тэрбумын асуудлаар парламентын түвшинд зайлшгүй нээлттэй сонсгол хийх шаардлагатай. Гэрчүүдээ яриул, олон түмний нүүрэнд тодорхой хүмүүс нь тайлбараа өгөх хэрэгтэй. Нөхцөл байдал ийм байхад М.Энхболд ээлжит бус чуулган зарлахгүй цаг хожиж байгаа нь буруу.

-УИХ-ын дарга нь 60 тэрбумтай нэр холбогддог учраас чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхгүй байх бүх аргыг хэрэглэх нь тодорхой биш үү?

-Ер нь энэ асуудлаа олон нийтэд нээлттэй байдлаар мухарлахгүй бол эргүүлээд ард түмэнд ямар ч хариу өгч мэднэ. 2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Дүнгээ тавиулаад л гарна гэсэн үг. Бид ард түмэн, нийгмийн тогтолцооны нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай. Эргэлзээтэй асуудлыг мухарлахын төлөө Ардчилсан Нам тууштай ажиллах болно. Бид цаашдаа ч 60 тэрбумын асуудлаар тасралтгүй шаардлагаа тавиад явна. Өмнөх байр суурь минь ч хэвээрээ байгаа.

-Үндсэн хуулийн хоёр зөрчлийг УИХ-ын дарга үүсгэчихлээ гэсэн тайлбарыг та сая яриандаа дурдлаа. Энэ нь эргээд УИХ-ын даргад хариуцлага тооцох, огцруулах үндэслэл нь болохгүй юм уу?

-Хуулийн байгууллагаас 60 тэрбумын асуудлаар эцсийн дүгнэлтийг гаргаагүй байна. Тэгэхээр УИХ-ын даргыг шууд 60 тэрбумын асуудалтай холбоотой гэж дүгнэх нь хуулиндаа нийцэхгүй болчихоод байгаа юм. Гэхдээ энэ асуудлаар УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлахыг шаардсан. Ерөнхийлөгч албан тоот илгээсэн. Үүнийг УИХ-ын дарга м.Энхболд хүлээж авахгүй байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил юм. УИХ-ын даргын үндсэн чиг үүрэг  чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулах. Түүнээс биш УИХ-ын дарга өнөөдөр УИХ-ыг өөрөөр нь орлодог, Үндсэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг. Дээрээс нь УИХ-ын бүрэн эрхийг өөртөө шингээдэг байж болохгүй. УИХ бол УИХ-ын дарга юм гэсэн санааг масст тулгаад байгаа юм. УИХ ямар ч үед гишүүдийн шаардлагаар хуралдахад бэлэн байх ёстой.

-МОНГОЛЫН АРДЧИЛАЛ 2016 ОНД ТӨГСГӨЛ БОЛЧИХСОН, ОРШУУЛЧИХСАН
ГЭДГИЙГ ӨНӨӨДӨР НОТОЛЖ БАЙНА-

-Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд Үндсэн хуулийг зөрчсөн тохиолдолд үүрдэг хариуцлагыг чангатгах ёстой юм биш үү?

-Хуулийн энэ зөрчлийг цаашдаа маш тодорхой болгох ёстой. Ингэж чадахгүй бол Монгол Улсын төрийн дээд байгууллага нэг хүний барьцаанд орох эрсдэл хэвээр байх болно. Бидний өмнөх 70 жилийн түүх байна. Бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстэн нэг хүний барьцаанд явж ирсэн. Өнөөдөр Үндсэн хуулийг зөрчих замаар ийм нөхцөл байдал дахиад үүсчихлээ. Тиймээс дахиж ямар ч УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, чуулганы үйл ажиллагааг хаадаг ийм том зөрчил үүсгэхгүй байх чиглэлд анхаарах хэрэгтэй. Шууд хааж өгөхгүй л бол бид шударга ёс, хүний эрхийг уландаа гишгэх өндөр эрсдэл үүсгэж  байна гэсэн үг. Цаашид нэг ч УИХ-ын дарга ийм төрлийн зөрчил үүсгэхийг зүрхэлдэггүй тийм хууль эрхзүйн орчинг үүсгэх хэрэгтэй. Улаан цагаандаа гарчихсан, чуулганаа өөрийнхөө нэр хүндийг харйлаад хуралдуулахгүй суугаад байж болохгүй биз дээ. Энэ бол байж болохгүй асуудал.

-Гэхдээ 60 тэрбумын асуудал УИХ-аар эрт орой хэзээ нэгэн цагт яригдах нь тодорхой. Харин хэлэлцэх хугацааг хойшлуулах байдлаар цаг хожоод байгаа нь ямар учиртай юм бол?

-Парламентын засаглалын 28 жилийн ой тохиож байна. 28 жилийн энэ өндөрлөгөөс харахад, ингэж цаг хождог, араар хуйвалддаг байдал улам бүр газар авч байна. Ард түмэн цөхрөхдөө МАНАН гэсэн тогтолцоо үүсчихлээ гэж хардаж байна. Эрх барьж байгаа намууп яг улстөрийн намын жишгээр ажилладаг. Санал өгсөн олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг зарчим  байна уу гэдэг сонгогчид эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн Монголын төрийн үндсийн үндэст эргэлзэж байна гэсэн үг. Ямар ч тохиролцоо, наймаа цаг хугацааны явцад ил болдог. Ил боллоо ч үр дүн нь хэдийнэ гараад эхэлчихсэн байдаг. Тиймээс ард түмэн Монголын төрийг төр шиг ажилладаг байхын төлөө тэмцэх хэрэгтэй. Үгээ хэлэх ёстой л гэж би харж байгаа.

-Ер нь дан ганц 60 тэрбумын асуудал  гэлтгүй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, багш нарын цалингийн нэмэгдэл, шатахууны өсөлт гэхчлэн улс эх оронд тулгамдсан олон асуудал үүсчихээд байна. Нөхцөл байдал ийм байхад ганц 60 тэрбумын асуудлыг хэлэлцэхгүй гэх шалтгаанаар олон чухал асуудлын хажуугаар УИХ чимээгүй өнгөрч байгаа нь хэр зохистой зүйл вэ?

-Чуулган завсарлангуут л наадмын өмнө ба хойно ээлжит бус чуулган зарлаад, хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй цаг үеийн шинжтэй чухал асуудлуудаа хэлэлцэх ёстой байсан. Ер нь дэлхийн бүх парламентууд зуны улиралд бүрэн хаагдчихдаггүй. Ялангуяа есдүгээр сард хуралдаж байх хэрэгтэй. “Эрдэнт”, “Оюутолгой-“н асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Хамгийн наанадаж, Зам, тээврийн хөгжлийн сайдаа томилох хэрэгтэй. Бүх газрын дарга нарыг нь халчихсан, яам ямар ч удирдлагагүй байна. Үүнийг УИХ ярих ёстой биз дээ. Төрийн  байгууллагад нэгнээ хөнөөсөн аймшигтай хэрэг гарлаа. Энэ чинь нөгөө л 60 тэрбумын улбаа. Урин дулааны цагт хамгийн их ажилтай байдаг, гол бүтээн байгуулалтын яам нь удирдлагаар хангагдаагүй явсаар хүйтэн сэрүүний улиралтай золгохоор болчихлоо. Сайдыг нь Засгийн газраас чөлөөлөх шийдвэр гарлаа. Маргааш нь УИХ энэ асуудлаар хуралдаж байх ёстой. Үүний төлөө гишүүд цалин авдаг. Гишүүдийг дуудахад хүрээд л ирнэ. Гишүүдийн хэн нь хар гариг руу нисчихээгүй. Ийм байхад ээлжит бус зарлах л юм бол 60 тэрбумын асуудлыг хэлэлцэнэ гэсэн хувь хүний бологоомжлолоос болоод улс орны чухал асуудлууд орхигдоод байгаа нь маш буруу үзэгдэл.

-УИХ одоо 75 гишүүнтэй. Ард түмэн төлөөллөө УИХ-д суулгах эрх зөрчигдөж буй үзэгдлийн талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хэнтийн 42-р тойргийн ард  иргэдийн төлөөллөө парламентад суулгах, түүгээр дамжуулан санал бодлоо илэрхийлэх эрх шууд байдлаар зөрчигдөж байгаа. Сонгуулийн Ерөнхий Хороо хаврын чуулганаар нэг тогтоол оруулж ирээд батлуулсан. Түүнийг нь Үндсэн хуулийн цэц унагачихаж байгаа юм. Монгол Улсад дахин хэзээ ч сонгууль хийхгүй нөхцөл байдал руу оруулж байгаа юм. Ерөөсөө Монголын ардчилал 2016 онд төгсгөл болчихсон, оршуулчихсан гэдгийг өнөөдөр нотолж байна. Хүсэхгүй байна. Сонгууль хийхгүй. Ард түмэн яах нь хамаа байхгүй гээд хаячихаж байгаа юм. Нэг нам парламентад олонхи болох нь ийм аюултай. Ардчиллын суурь багануудыг тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нурааж эхэлж байна.

 

Ангилал


Twitter


Facebook