Д.Эрдэнэбат: Захиргааны тухай хуулийг батлавал Засгийн газар огцорно биз

2018-07-03
|
Ярилцлага

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Хаврын чуулган хаалтаа хийлээ. Та энэ удаагийн чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ. Хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаа хэлэлцэж чадсан уу?

-Эрхзүйн хүрээнд төлөвлөгдсөн Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой олон хууль хүлээгдэж байна. Ялангуяа хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой Хөдөлмөрийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хоёр чуулган дамжин яригдаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн өөрчлөлтийг мөн хойшлуулсан. Хамгийн гол нь УИХ-аас баталсан хууль нь иргэдийн өдөр тутмын амьдралд эерэгээр тусах шаардлага тулгарч байгаа энэ цаг үед чуулган энэ зорилтоо хэрэгжүүлж чадсангүй. Гэхдээ АН-ын бүлгээс байр сууриа илэрхийлж, иргэдийн хүсэлтийг шингээсэн хууль батлагдсан. УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хууль батлагдсан. Эдгээр хуулийг хэлэлцэх явцад АН-ын бүлэг нэг удаа завсарлага авч, Үндсэн хууль зөрчихөөр байсан заалтыг хассан.

-УИХ-ын Дэгийн тухай хуулийг чангаруулсан, гишүүдийн хариуцлагыг нэмсэн сайн хууль болсон гэж байгаа ч анх оруулж ирсэн ирцийн заалтыг хассан шүү дээ?

-УИХ-ыг хариуцлагажуулах асуудал Дэгийн тухай хуульд бүрэн утгаараа тусч чадаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүний хариуцлагын асуудлыг тусгах шаардлагатай гэж үзэж байгаа. Намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэгдэхэд энэ асуудал зайлшгүй тавигдана. Татварын багц хуулийн төслийн талаар дүгнэлт гаргахаар АН-ын бүлгийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар батлахаар төлөвлөж байсан ч амжаагүй. Мөн Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд анхаарч үзэх зүйл бий. Ялангуяа уул уурхайн баялгийн татварыг бүх уул уурхайн компаниас ижил авах асуудалд голлон анхаарах ёстой. бодит амьдрал дээр нотлогдож байгаа.

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн Захиргааны хэргийн тухай хуулиар танай бүлэг завсарлага авсан. Энэ хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хуулиар Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах эрхгүй болох юм. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн өөрийгөө хамгаалах эрх үгүй болно гэсэн үг. Цаашилбал, Үндсэн хуулийг зөрчсөн хуулийн төслийг Засгийн газар оруулж ирсэн. Энэ хуулийн хамгийн том алдаа нь улс төрийн шийдвэр, захиргааны шийдвэр хоёрын ялгааг гаргаж чадаагүй. Бүх зүйлийг Үндсэн хуулийн цэц дээр аваачиж шийднэ гэж байхгүй. Үндсэн хуулийн цэц шүүх байгууллага биш. Үндсэн хуулийг мандаг манаач. Тиймээс энэ бол буруу хууль. Энэ хуулиа Засгийн газар хамгаалаад байгаад гайхаад байгаа юм. Хэлэлцэх явцад өөрчилж болно гэж байгаа. Гэхдээ хэлэлцэх явцад концепцын өөрчлөлт оруулж болохгүй. Захиргааны хэргийг шүүхээ боль л гэдэг хуулийн төсөл. Захиргааны хэргийг шүүдэг болно гэвэл өргөн барьсан хуулийнх нь үндсэн концепц алдагдана гэсэн үг. Тиймээс энэ хуулийн төслөө Засгийн газар буцааж татах ёстой.

-Засгийн газар хуулийн төслөө буцааж татахгүй бол намрын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэнэ. Олонхоороо хүч түрээд баталчихвий гэсэн болгоомжлол байна?

-Хэрвээ тэгвэл Засгийн газар л огцорно биз. Үндсэн хууль зөрчсөн хуулийн асуудлаар Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Бид чинь ардчилсан Монгол Улс юм байгаа биз дээ. Хүний эрхийг хамгаалах ёстой биз дээ.

-“60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналаа нэр бүхий 19 гишүүн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Гэсэн хэдий ч хаагдсан хэрэгт нээлттэй сонсгол хийх боломжгүй гэдэг хариултыг Хууль зүйн байнгын хороон дарга өгсөн. Үнэхээр хууль эрх зүйн хувьд энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх боломжгүй юм уу?

-Нээлттэй сонсголыг хуулиар болдоггүй юм аа гэхэд УИХ энэ асуудлыг хэлэлцэх нь нээлттэй. Яагаад гэвэл УИХ хууль тогтоох дээд байгууллага. Хуулийн зөрчилтэй аливаа асуудлыг шаардлагатай гэвэл УИХ хэлэлцэх бүрэн эрхтэй. Энэ талаас нь бид харж байгаа. Ер нь “60 тэрбум”-тай холбоотой асуудал их газар авчихлаа. Өнөөдөр төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагааг бид анхааралтай ажиглах ёстой. Энэ дээр бүх зүйл тэр схемээр явж байна. Албан тушаал худалдаж авах, тендер дээр лобби үүсгэх, эрх мэдлээ ашиглаж хэн нэгэнд давуу тал олгох асуудал газар авлаа шүү дээ. Хариуцлагагүй, боловсролгүй, танхай төрийн албан хаагчидтай болсон. Тэд ямар замаар албан тушаалд очиж байна вэ. Танил тал, нэг бол мөнгөөр авилга өгч очиж байна гэдэг нь ойлгомжтой. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ бол зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн асуудал биш нийгэмд үүсээд байгаа тулгамдсан асуудлын нэг болчихоод байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон байна билээ. Танай намын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

-АН-ын бүлэг Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг зарчмын байр суурин дээр нэгдмэл байгаа. Гагцхүү хэрхэн, юуг өөрчлөх вэ гэдэг л асуудал байгаа юм. Олон зүйл рүү орж үсчихийн хэрэг байхгүй. Нэгт, 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтөө эргэж харах ёстой гэж үзэж байгаа. Энэ бол УИХ-ын өөрийнх нь хариуцлагатай холбоотой. Хоёрт, УИХ-ын хариуцлагын талаар заалт зайлшгүй оруулж өгөх ёстой юм байна. Хариуцлага гэдэг нь УИХ-ын гишүүнд тавигдах шаардлага гэсэн үг. УИХ-ын гишүүнд тавигдах шаардлага нь эхнээсээ төрийн босгыг өндөрсгөх чухал хэмжүүр болох ёстойг бидний туулж өнгөрүүлсэн амьдрал харуулж байна. Гуравт, энэ олон эрх мэдлийн хуваарилалт хоорондоо зөрчилдөөд байгааг нэг тийш нь болгох ёстой. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг хангах ёстой. Засгаараа тоглосоор байгаад 30-аад жил боллоо шүү дээ. Дөрөвт, хэт их улстөрждөг байдлыг таслан зогсоох ёстой. Орон нутаг хөдөө суманд танай манай нам болдог. Энэ зүйлийг Үндсэн хуулиараа байхгүй болгох ёстой. Тавд, энэ их төвлөрсөн эрх мэдлийг саармагжуулах зүйлийг ялангуяа төсөв санхүү, эдийн засагтай холбоотой асуудлыг Үндсэн хуулиндаа тусгаж өгөх ёстой. Хэт төвлөрөл өөрөө биднийг буруу тийш нь чангааж байгааг бүгд харж байгаа. Орон нутаг өөрийнхөө хөгжлийг хангах хэмжээний төсөв санхүүгийн эрх мэдэлтэй байх асуудлыг зайлшгүй Үндсэн хуулийн зохицуулалтаар шийдэх ёстой. Зургаад, засаг, захиргааны асуудал. Тархай, бутархай олон сумдыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал. Хот суурин, тосгодынхоо бие даасан байдлыг бэхжүүлэх. Бидний энэ хэт төвлөрөл буруу тийшээ явж байгааг хаа хаанаа анхаарах ёстой. Энэ мэт хэд хэдэн зарчмын зүйл дээр анхаарч ажиллаж байгаа. Үүнээс илүү халиад хэрэггүй байх. Гэхдээ УИХ-ын үнэмлэхгүй олонх 64-ийн хүч түрсэн байдлаар энэ хууль батлагдахгүй гэдгийг АН илэрхийлсэн. Гол асуудлуудаар ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой. Үүний дараа УИХ 76 гишүүний нэгдмэл ойлголцол, зөвшилцөл дээр энэ хууль батлагдах ёстой.

-Ажлын хэсгийн явцад хоёр намын бүлэг хоорондоо ойлголцож байгаа гэж ойлгож болох уу. Ирэх намар Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийж чадах уу. Хэлэлцээд эхлэхээр зөрчилдөөд хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна л даа. Нөгөө талаар үнэмлэхгүй олонх болох нь том асуудлаа батлаад, шийдвэр гаргаж чаддаг давуу талтай гэдэг шүү дээ?

-Хоёр нам санал зөрөлдөж байгаа асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дээрх ярьсан гол гол зүйл заалтууд дээр ер нь их дөхөж очиж байгаа. Гэхдээ зөвхөн энэ хоёр нам биш шүү дээ. Парламентаас гадуур байгаа улс төрийн хүчнүүд, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ТББ-ууд гээд бүгд нэгдвэл байр суурин дээр очих хэрэгтэй байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр бид эвлэлдэж нэгдсэнээрээ Монгол Улсын ирээдүйн зөв хөгжлийн гольдрол руу алхам хийж байна гэж хаа хаанаа ойлгох ёстой.

-Энэ хаврын чуулганы түүхэн шийдвэр нь Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолыг батасан явдал. 10 жил гацсан асуудлыг шийдэж чадлаа. Та энэ тогтоолын төслийг хэрхэн дүгнэж байна вэ. Танай намын бүлэг завсарлага авсан ч завсарлагын хугацаагаа дуусгалгүй асуудлыг хэлэлцсэн шүү дээ?

-Тавантолгой хамгийн өндөр ашигтай ажиллаж байна. Энэ нь бидний сайнд чи биш, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой. Жилд 400 саяын ашигтай ажиллана гэдэг лут ашиг биз дээ. Хамгийн гол нь Тавантолгойн ирээдүйн тухай асуудал байгаа юм. Тавантолгойн дэд бүтцийг барьж байгуулах тухай асуудал  байгаа юм. УИХ-ын 39 дүгээр тогтоолын хүрээнд шинэ тогтоол гаргалаа. Энэ нь гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад хөрөнгө оруулалт хийе л гэдэг тогтоол. Энэ талаасаа харахад буруу зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг нээлттэй компани болгох анхны оролдлого. АН-ын бүлгийн байр суурь тодорхой байсан. Тавантолгойг гацаах нь бидний зорилго биш. Сөрөг хүчин гэхээрээ бүх зүйлийг гацаагаад тээглээд зогсож байдаг юм гэж байхгүй шүү дээ. Хэрвээ Тавантолгойг нээлттэй компани болгож байгаа бол стратегийн бүх ордыг энэ хэлбэр рүү шилжүүлэхэд “Эрдэнэс Монгол” компанийг ард түмний хяналтад өгье гэдэг саналтайгаар хэлэлцээрийн ширээний ард суусан. АН-ын санаачилгаар хэлэлцээр хийгээгүй шүү гэдгийг тодотгож хэлье. Эрх баригч нам санаачилга гаргаж хэлэлцээрийн ширээний ард суусан. АН-ын бүлэг Ард түмэнд “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийг эзэмшүүлье гэсэн юм. Эхлээд 49 хувь гэж байсан юм. Иргэдийн хяналтын тухай ярьсан юм. Иргэдийн хяналтад байсан бүх стратегийн орд маш зөв гольдрол руу орох эхлэлийг тавья гэж зөвшилцсөн юм. Тавантолгой ярьж байхад “Эрдэнэс Монгол” хамаагүй гэж огт ярьж болохгүй. Тавантолгой нээлттэй болж байгаа бол толгой компанийн асуудал давхар хөндөгдөнө. Хэрвээ “Эрдэнэс Монгол” компанийг баталгаажуулахгүйгээр явбал цаашдаа бусад ордууд нь тус тусдаа яваад “Эрдэнэс Монгол” үүрэггүй болно. 15 хэсэг баялгийн өмчлөл хуваагдахаар иргэдийн хяналт байхгүй болно. Тиймээс толгой компанийн тухай асуудал яригдах ёстой.

-З.Нарантуяа гишүүн “Эрдэнэс Монгол” компаний 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх горимын санал гаргаад дэмжигдээгүй шүү дээ. Тэгэхээр МАН хэлэлцээрээсээ буцсан гэсэн үг үү?

-Ажлын хэсэг, Засгийн газрын зарим гишүүдийн хүрээнд ойлголцоод орж ирэхэд гаргасан санал унаж байгаа нь их буруу шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа. “Эрдэнэс Монгол” компаний 34 хувийг иргэдийн хяналтад оруулах, иргэд тэндээсээ ашиг хүртэх, тэр боломжийг судал гэсэн нэг заалт юм. Түүнээс 34 хувийг шууд иргэдэд өг гэдэг тулгалт байгаагүй. Эрх баригчид үүнийг хүсээгүй. За буянаараа болог. Хүсээгүй байж болно. Гэхдээ бид энэ асуудлыг намрын чуулганаар дахин оруулна. Үндсэн хуульд газрын доорх баялаг ард иргэдийн мэдэлд байна гэж заасан. Ард түмний мэдэлд зөвхөн Тавантолгой биш бүх стратегийн ордууд байх ёстой. Бид зөв шаардлага тавьж, зөв зөвшилцөлд хүрсэн харамсалтай нь горимын санал унасан.

-Танай бүлэг Д.Мурат гишүүний асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Д.Мурат гишүүнийг авч үлдэх тохироо хийчихлээ гэсэн мэдээлэл ч гарсан?

-За тийм юм гэж юу байх вэ дээ. Ер нь гишүүдийн ёс зүйн асуудал дээр анхаарах ёстой. Нөгөө талдаа улстөржүүлэх сэдэв, улстөржүүлэхгүй сэдэв гэж бидэнд байх ёстой. УИХ-ын гишүүн болонгуут нь л дайрч давшилж, үндэслэлгүй зүйлээр хохироож болохгүй. Өнөөдөр энэ гишүүнтэй холбоотой үүссэн асуудал нотлогдоогүй ч гэсэн шууд хамгаалах эрх бидэнд байхгүй. Ер нь бидэнд том сургамж болж байна. түүнээс хувь хүнтэй холбоотой асуудлыг улс орны хөгжлийн асуудалд халхавчилж ямар нэгэн үйлдэл хийнэ гэсэн асуудал байж болохгүй.

-2016 оны сонгуулийн дараа АН шинэчлэгдэнэ гэж орон даяар бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгосон, намын дүрмээ шинэчилсэн. Үүнээс хойш хоёр жил өнгөрлөө танай нам шинэчлэгдэж чадсан уу?

-АН бүх дүрэм, журмаа өөрчилсөн. Энэ чинь АН нам шүү дээ.

-Дүрэм, журмаа өөрчилснөөр шинэчлэгдэж чадах уу?

-Дүрэм, журмаа өөрчилсөн нь энэ намыг нээлттэй болгох алхмыг хийсэн. Нийт гишүүдээсээ намын даргыг сонгоно гэдэг асар их үнэ цэнэтэй зүйл. Мэдээж анхны юман дээр алдаа оноо бүгд л бий. Үүнийг тэвчих чадвар бидэнд байх хэрэгтэй. Одоо АН зохион байгуулалтаа хийчихлээ. Одоо үзэл баримтлалаа гаргаад, үзэл баримтлал дээрээ нэгтгэх тал дээрээ хэрхэн ажиллах вэ. Үзэл баримтлалдаа нийцсэн бодлогын хэмжээний ажлаа хэрхэн хийх вэ гэдэг рүүгээ тууштай, хурдан орох цаг нь болсон. 2020 оны сонгууль хүртэл хоёрхон жил үлдлээ. Энэ хоёр жилийн хугацаанд туулж өнгөрүүлсэн ардчиллынхаа бүх үйл явц дээр дүгнэлт хийж үзэх ёстой. Үнэхээр ардчилсан зарчим, үзэл бодол хадгалагдаж чадаж байна уу. Одоо хувь хүний асуудал биш болсон. Үнэхээр эрх ашгаараа нэгдсэн, нэг хүн дагасан, хүмүүсийн хоорондын хэрүүл маргаанд өртсөн нам хол явдаггүй гэдгийг түүх гэрчилсэн. Бид үүн дээрээсээ ухаарал авах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд АН-ын шинэчлэл хүнд замыг туулж байгаа. хэвшиж, дасаагүй олон зүйл бидний дунд явж байгаа. АН бол бол боловсролтой, үзэл бодолдоо тууштай хүмүүсийн хамтлаг. Аль зөв байна тэр рүүгээ шийдэл гаргадаг. Хоорондоо маргаад ч, зөвшилцөөд ч аливаа юмны цаана гардаг нам. Энэ бол бидний туулж өнгөрүүлсэн зам.

-АН эв түнжингүй, олон фракцтай байсан. Энэ ч утгаараа 2016 оны сонгуулиар УИХ-д есхөн суудал авсан. Энэ хоёр жилийн хугацаанд АН эв нэгдлээ сэргээж чадах уу?

-Чи яагаад намын дотоод асуудал надаас асуугаад байгаа юм бэ. Би бүлгийн дарга шүү дээ. Би төрийнхөө зүйлийг яръя. Намын асуудлыг намын удирдлагуудаас асуу. АН шинэчлэгдэж байгаа. Шинэ дүрмийнхээ хүрээнд олон хүндрэлтэй асуудалтай тулгарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ замыг бид туулж гарах ёстой. АН-аас өөр энэ ардчиллыг хамгаалаад явах, нийгмийг зөв гольдрол руу нь оруулчих бүрэн чадвартай улс төрийн хүчин байна уу, үгүй юу гэдгийг дандаа бодож байх ёстой. 2012-2016 оны тухай ярилаа. Бид өөрсдийнхөө муугаас, хийсэн ажлаа нийгэмд хүргэж чадаагүйгээсээ болоод унасан байж болно. Гэхдээ өнөөдрийн энэ замбараагүй төр шиг хэзээ ч байгаагүй шүү. Ард түмэн асар өндөр итгэлээр МАН-ыг үнэмлэхүй олонх болгосон. Харамсалтай нь өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ эргэсэн. Үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрчихөөд байна.

Эх сурвалж: www.itiom.mn

Ангилал


Twitter


Facebook