​З.Нарантуяа: Тавантолгойн төсөл дээр зөвхөн IPO гаргах эрхийг л Засгийн газарт өгч байгаа

2018-06-29
|
Ярилцлага

Тавантолгойн нүүрсний ордыг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийх юм. Хэрвээ УИХ тус төслийг батлавал энэ зундаа багтаагаад IPO гаргах бэлтгэл ажлаа хангах юм. АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан ч эрх баригч намтай зөвшилцөлд хүрсэн учраас завсарлага авсан хугацаагаа наашлуулсан юм. Тавантолгойн төслийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа.

-Тавантолгойн төслийг өмнөх Засгийн газрууд ч өргөн барьж байсан. Тухайлбал, М.Энхсайхан сайдаар ажиллаж байхдаа тус төслийг өргөн барьж байсан. Ингэхдээ маш тодорхой заалтууд байсан. Харин энэ Засгийн газрын оруулж ирж байгаа төсөл 30 хувьд нь IPO гаргана гэхээс өөр ямар ч баримт байхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Та энэ төслийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-IPO гаргана гэдэг олон улсын зах зээлд хувьцаагаа нээлттэй зарж хөрөнгө босгоно гэсэн үг шүү дээ. Олон нийт ямар хөрөнгөнд итгэж хөрөнгө оруулах вэ гэдэг  нь IPO-ын гол үндсэн баримт бичиг. Тэр баримт бичгийг УИХ ч юм уу улс төрийн шийдлээр гаргахгүй. IPO-д бэлтгэх ажлын хэсэг гаргаж, төсөл бүр дээр нь мөнгө босгох боломжтой төслүүдээ судалж, үнэлж, тооцоолж аль төсөл дээр нь хэдэн төгрөг босгох вэ,  босгосон хөрөнгөө аль дэд бүтэц рүү хийвэл энэ компанийн цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй вэ гэдэг маш том судалгааны ажил хийсний дараа IPO гаргадаг учиртай. Тиймээс нээлттэй компани болох гэж байгаа ийм үед нь IPO гаргаж , төслийнхөө тооцоо судалгаа, бэлтгэл хий гэдэг эрхийг нь энэ удаагийн тогтоолоор өгч байна гэж ойлгож байгаа. Одоо 30 хувийг тэдэн төгрөгөөр зарна, энэ төсөл рүү тэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэж ярих нь утгагүй асуудал. IPO гаргах бэлтгэл ажил хийсний дараа аль орд дээрээ ямар хэмжээний дэд бүтцэд зориулж хэдэн төгрөг босгох гэж байна вэ гэдгээ судалгааныхаа дараа УИХ-д оруулж ирнэ гэж ойлгож байгаа. Бидний ярьж байгаа нэг асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК дээр 1072  ширхэг хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэдийн эрх ашгийг хамгаалах юм. Энэ компанийн 14 хувийг эзэмшиж байгаа иргэн аж ахуйн нэгж компанийн хуралд оролцдоггүй, үг хэлэх, сонгогдох, ногдол ашиг авах эрхгүй 10 жил боллоо. Цаашдаа ийм байж болохгүй ээ. Хувьцаа эзэмшиж байгаа иргэд энгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлдэг байх ёстой гэсэн зарчмын байр суурь дээр байгаа. Нээлттэй компани болж, хувьцааг зах зээл дээр чөлөөтэй арилжаалдаг болохоор 2.5 сая хүн бүгд хувьцаагаа эзэмшээд байхгүй. Арилжаалж болно. Баялгийг тэгш хуваарилах зарчмаараа толгой компанийнх нь 49-өөс доош хувийг энгийн хувьцаа болгож иргэдэд нэмж эзэмшүүлж, баталгаажуулж өгье гэдэг саналыг гаргасан боловч дэмжигдээгүй.

-Хэлэлцүүлгийн явцад IPO гаргаад хэдэн төгрөг босгохоос шалтгаалаад аль төсөл дээрээ хэдий хэмжээний хөрөнгө оруулах вэ гэдгээ шийднэ гэсэн. Хэрвээ хангалттай хөрөнгө босгож чадахгүй бол төслүүдээ концессоор барина гэж байсан?

-Энэ талаар одоо тааж ярих хэрэггүй. IPO бэлтгэл ажлын явцад судлаад, судалгаагаа гаргасны дараа нь энэ асуудлаа ярих нь зөв.

-2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэд Тавантолгойн хувьцааг эзэмшдэггүй. Хэлэлцүүлгийн явцад 2040 он хүртэл төрсөн хүмүүст хувьцаа өгөх боломжийг судалж байгаа гэсэн. Ийм боломж бий юү?

-Ер нь уул уурхайн бүх баялгаас иргэд хүртэх ёстой. Ямар арга хэлбэрээр иргэддээ хүргэх вэ гэдгээ л олохын тулд энэ тогтоолыг тойрсон ярианууд явж байгаа. Ганцхан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг иргэддээ эзэмшүүлсэн нэрээр ногдол ашиг өгдөггүй байх уу, энэ компаниудыг удирддаг толгой компанийнх нь энгийн хувьцааг иргэддээ эзэмшүүлээд компани ашигтай ажилласны дараа иргэддээ хуваарилдаг зарчим руу орох уу гэдэг зарчмын асуудлыг яг одоо ярьж байна.

-Танай намын бүлэг завсарлага авсан боловч хугацаагаа наашлуулсан. Ямар шалтгаанаар наашлуулсан юм бэ?

-АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан ч ажлын хэсгийн төвшинд ярилцаад хугацаагаа наашлуулсан.

-60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх Л.Оюун-Эрдэнэ гишүүний гаргасан саналыг та дэмжиж гарын үсэг зурсан байсан. Чуулган завсарлахаар нээлттэй сонсгол хийж чадах болов уу?

-Нээлттэй сонсгол хийхийг би дэмжиж байгаа. Иргэдийн төрд итгэх итгэл алдагдаж байгаа. 60 тэрбум  гэдэг үнэхээр хэрэг юм уу, үгүй юм уу гэдгийг хуулийн байгууллага шалгаад эцсийн цэгийг тавьж өгөх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудал байгаа бол ерөнхий мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: www.itoim.mn

Ангилал


Twitter


Facebook