Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан

2016-11-29
|
Хэвлэлийн хурал

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар оролцлоо. Мэдээллийн эхэнд  УИХ-ын гишүүн, УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол Улсын 2017 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны батлагдсан төсвийн талаар бүлгийн гишүүдэд товч танилцуулга мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Монгол Улсын 2017 оны төсвийг аль болох алдагдал бага,  зарлагыг дээд хэмжээнд хүргэж танасан, орлогоо бүх боломжоор нь шавхсан төсөв байх ёстой гэдэг шаардлагыг АН-ын бүлэг анхнаасаа хүргэж байсан.   Гэсэн хэдий ч харамсалтай нь бидний хэлсэн шиг алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьд оруулж бууруулах бүх боломжийг оруулж чадаагүй. Түүнчлэн 9.9 хувийн алдагдлыг 9.1 хувь болгож 0.8 хувиар л бууруулсан байна. Ер нь макро түвшиндөө төсвийн алдагдлын зөрөлдөөнийг ойрын хугацаанд хурдан бууруулахгүй бол гадаад зах зээлд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэх үнэлэмж муудсаар байх болно.   Тиймээс алдагдлыг бууруулахад энэ Засгийн газар өдөр шөнөгүй ажиллах ёстой гэсэн шаардлагыг АН-ын бүлэг тавьж байгаа. Төсвийн зарлага ерөнхий бүтцээрээ буурч танагдсан байгаа ч санасан хэмжээнд хүрсэнгүй. Зарлагыг бууруулахын тулд бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцыг таван хувь бууруулах үүрэг даалгаврыг өгөх саналыг гаргасан боловч дэмжигдээгүй.

...Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна. Гэвч шалгалтын тайлан, материал манай бүлэг дээр ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна...

Ерөнхийдөө дүгнэж хэлбэл, бүх боломж дайчилж ашигласан төсөв болж чадсангүй. Түүнчлэн урсгал зардалд оруулж хассан байсан Хүүхэд харах үйлчилгээг буцааж, төсөвт 5.8 тэрбум төгрөгийг тусгуулж чадлаа. Ингэснээр 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжих болно. Төсвийн урсгал зардлыг 2.2 их наяд төгрөөөр нэмэхээр оруулж ирсэн байсан. Олон зардлуудыг авч үзвэл 10-аад сайдын багц 2016 оны төгсгөлөөс нэмэгдсэн байгаа. Төсвийн урсгал зардлуудыг бууруулах, үрэлгэн зардлыг гаргахгүй байж байж эдийн засгийн хямралыг давж туулах ёстой гэдэг байр суурийг АН-ын бүлэг илэрхийлж, шаардлага хүргүүлсээр байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Төсвийн урсгал зардал нэмэгдсэн байдалтай байгаа. Сайд нарын багцад нарийн задаргаа, дүн шинжилгээ хийж дуусаагүй байна.   Зардлын зүйл тус бүрд дүгнэлт гаргана. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг ямар ч байдлаар өөрчилж оруулж ирээд хэрэгжих боломжгүй. Учир нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэх мэт дөрвөн үндсэн хуультай уялдаж хэрэгжих ёстой байсан. Гэтэл тэдгээр хуулийг буцаасан. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирж байгаа нь олон түмний тархийг угаасан үйлдэл юм” гэв.   

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Маргааш /өнөөдөр/ байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна гэсэн. Энэ талын мэдээлэл танай бүлэгт ирсэн биз дээ?

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Маргааш /өнөөдөр/ байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна. Гэвч шалгалтын тайлан, материал манай бүлэг дээр ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан. Дээр нь Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэг дээр ирүүлэх ёстой байсан. Гэвч хуулийн хугацаанд ирүүлээгүй учир долоо хоногоор хойшлуулах саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа юм. Бидний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, Ардчилсан намын бүлгийн байр суурьт хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна” хэмээлээ.   

-МАН-ын нэр бүхий гишүүдийг Хөгжлийн банкнаас зээл авсан гэлээ. Энэ зээлэнд ямар учир байгаа юм бэ. Хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нэгдүгээрт, эргэн төлөлтийн асуудал байгаа. Хуулийн хугацаандаа, гэрээнийхээ дагуу төлөгдсөн үү, үгүй юу. Хоёрдугаарт,  Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг дан ганц Ардчилсан нам аваад хэрэглэчихсэн мэтээр ярьж, хэт улстөржүүлж байгаа нь худлаа шүү гэдгийг нотлох баримт бол энэ байгаа юм.  

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ардын намын Их хурлын гишүүдтэй холбоотой, тэдэнтэй хамаатай компаниудын заримынх нь нэр ил болоогүй. Тэглээ гээд тэд баярлаад суугаад байх хэрэггүй.   Тус бүлгээс мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлэхээр болжээ. Уг шаардлагад орон нутгийн сонгуулиас хойш удирдлага нь томилогдоогүй 104 сум, хоёр аймгийн, нэг дүүрэг байгаа учир яаралтай томилох, улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах, хоморголон халж байгаа халаа сэлгээгээ зогсоох, иргэдийн амьжиргааны талаар Мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа хэрэгжүүлэх зэрэг агуулга тусгасан аж. Шаардлагыг өчигдөр үдээс хойш Ерөнхий сайдад гардуулна гэлээ. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдалтай холбоотойгоор улс төрийн мэдэгдэл, шаардлагыг АН-аас гаргахаар санал нэгджээ. Мэдээллийн төгсгөлд АН-ын зүгээс идэвхтэй тэмцлийн байр суурьт шилжиж, улс төрийн үйл ажиллагаа явуулах болсоноо С.Эрдэнэ гишүүн мэдэгдэв.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

Ангилал


Twitter


Facebook