З.Нарантуяа: “Эрдэнэс Тавантолгой” нээлттэй компани болоход бэлэн биш байна

2018-06-27
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар ярилцлаа.

-ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ЗАРЧМЫН НЭГ БАЙР СУУРИНДЭЭР БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДСОН-

-“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Тогтоолын төсөлд та “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай асуудлаар зарчмын санал гаргаж, дэмжүүлсэн. Зарчмын саналаа агуулгынх нь хувьд тайлбарлаж өгнө үү?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 51 хувийг төр, 49 хувийг нийт иргэдэд эзэмшүүлэх замаар нийтийн өмчлөлийн компани болгож өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох хуулиудын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэсэн агуулгатай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын толгой компани нь “Эрдэнэс Монгол”. Том ордууддаа суурилж, орд тус бүрийг үр ашигтай ашиглахад шаардлагатай хөрөнгийг дотоод, гадаад санхүүгийн зах зэээл дээрээс босгож, үр ашигтай төсөл болгон хэрэгжүүлэх хөрөнгийн удирдлагыг нь хийлгэх зорилгоор энэ компанийг анх байгуулсан. Цаашдаа хөрөнгө оруулалтын менежментийн мэргэшсэн компани болж хөгжих учиртай юм л даа. Одоо энэ компани 100 хувь төрийн эзэмшлийнх,  иргэд зөвхөн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшиж байхаар УИХ-ын тогтоол баталсан. Хэдий тийм ч давуу эрхийн хувьцаа эзэмших эрх баталгаажаагүй, зохих газруудад бүртгэгдээгүй байна. Энэ ажлыг хийх зайлшгүй шаардлага бий болж байна.

-Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой тогтоолд ямар хамаатай юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” хаалттай хувьцаат компани. Тиймээс ч иргэдийн эзэмшиж байгаа 1072 буюу нийт хувьцааны 14.6 хувийг эзэлж байгаа хувьцаанууд бирж дээр бүртгэгдээгүй байна. Нэг ёсондоо хоёрдогч арилжаанд ороогүй байгаа гэсэн үг. УИХ-аар хэлэлцэж байгаа энэ тогтоол батлагдсанаар төрийн мэдэлд байгаа 85 хувиас 30-ийг нь гадаад, дотоодын биржид бүртгүүлэн арилжаалах бэлтгэл ажил эхэлнэ. Иргэдийн эзэмшил дэх 1072 хувьцааны хувьд ч мөн нээлттэйгээр арилжаалагдах хууль эрх зүйн үүд нээгдэнэ. Иргэд хувьцаа нэмж авах, өөрт байгаагаа зарах зэргээр арилжааны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хувьцаагаа борлуулсаны болон арилжаалсаны үр шимээ хүртэх процесс явагдана. Өмнөх үеийн практик, манай иргэдийн хувьцааны талын мэдлэг, мэдээллээс хамааран эхэндээ худалдах, худалдан авах процесс зэрэгцэн идэвхиждэг. Гэвч үнэ ханшаас шалтгаалж, ихэнхдээ зарах урсгал нь давамгайлж, тодорхой хугацааны дараа цөөхөн хөрөнгө оруулагч нарын мэдэлд төвлөрсөн байдаг.  “Эрдэнэс Тавантолгой”-н 30%-ийн хувьд ч ялгаагүй ийм нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Үндсэн хуулийн 6.1-д заасан газрын баялаг төрийн хамгаалалт, нийт иргэдийн мэдэлд байх зарчим хэрэгжих боломжгүй болох эрсдэлтэй. Тиймээс Үндсэн хуулийн заалтыг хангахын тулд толгой компанийх нь 49 хувийг иргэдэд хаалттай хүрээнд бусдад шилжихгүй, өвлөхгүй зөвхөн ногдол ашиг авах нөхцөлтэйгээр эзэмшүүлэх зохицуулалтыг “Эрдэнэс Монгол ХХК-ийн тухай” бие даасан хуулиар баталгаажуулах шаардлага байгаа учраас зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын зах зээл дээр гаргах санал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барихаар төлөвлөж байгаа баялгийн хуваарлилтын хуулийн төслийн ерөнхий агуулгатай хэр уялдаж байгаа бол?

-Ерөнхий агуулгыг нь уялдуулах гэж дээр дурьдсан зарчмын саналыг гаргасан. Улс төрчид,  улс төрийн намууд, эрх баригчид баялгийн менежментийн үндсэн зарчмаа тохиролцон нэгдмэл ойлголтод хүрэх хэрэгтэй. Ямар ч улс төрийн нам, хүчин төрийн эрх барьсан, эс барьснаас үл хамааран үндэсний баялгаа зөв удирдаж, улс орноо хөгжүүлэх тохиролцсон зарчим,  хувилбараа өөрчлөхгүй тууштай байж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг харилцан зөвшөөрөлцсөн Харилцан ойлголцлын санамж бичгийг Үндэсний хэмжээний, эрх барих намууд нь байгуулсан хэд хэдэн улсууд байна. Ингэхгүйгээр цаашаа том төслүүдээ хөдөлгөж чадахгүй гэдгээ ойлгох нь хамгийн чухал байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой”-н ордыг ашиглах ажлыг эрчимжүүлэхэд тодорхой зөвлөмж чиглэлийг холбогдох байнгын хороодод ирүүлсэн. Үүнээс төрийн гурван өндөрлөг зарчмын нэг байр суурин дээр байна гэж ойлгогдсон. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн ажиллаж байгаа хуулийн үзэл санааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан сайжруулж боловсруулан, Засгийн газартай хамтран ажиллаж, УИХ-д өргөн барих боломж байна гэж бодож байна. Засгийн газарт төслөө хүргүүлсэн байгаа юм билээ.

-ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛ АЖИЛ ХЭРЭГ БОЛОХ ЭСЭХ НЬ ЗАСГИЙН ГАЗРААС Л ХАМААРНА-

-10 жил гацсан Тавантолгойн асуудлыг ажлын тав хоногт багтаан хэлэлцэхээр эрх баригч нам зүтгэж байна. Энэ нь өөрөө хэр зохистой зүй тогтол вэ?

-Чуулган завсарлах дөхсөн учраас нилээн шахуу байна. Өргөн баригдсан хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэж орой болтол ажиллаж байна. Ер нь чухал төслүүдийг тавхан хоногийн дотор хэлэлцүүлэхэд гишүүдэд танилцах, судлах ямар ч цаг хугацаа олдохгүй учраас ингэж хугацаагаар шахах нь чанаргүй хуулийг л нэмэгдүүлж байна гэсэн үг.

-Өмнө нь мөн л наадмын өмнөхөн Тавантолгойн талаархи 39-р тогтоолыг баталсан байдаг ч амжилттай хэрэгжээгүй. Энэ удаагийн тогтоолын төслийн  хэрэгжих бодит боломжийг та хэрхэн үзэж байна вэ?

-Засгийн газраас л хамаарна. Бэлтгэлийг хангахад цаг орох ч гол нь нарийн төлөвлөгөөтэй зохион байгуулалт чухал. Гадаад, дотоодын мэргэжлийн зөвлөх, шинжээчид ажиллах байх. Төслийн үр өгөөжийн тооцоолол, гаргах хувьцааны тоо хэмжээ, үнэ ханшийн тооцооллыг үндэслэн, IPO-ийнхоо нөхцлийг УИХ-д гаргахаасаа өмнө танилцуулах байх аа гэж бодож байна. Төсөл үр ашигтай байж, нийтээрээ ашиг, тусыг нь хүртдэг болж чадвал хувьцаагаа арилжаалсны хэрэг гарна.

-Тавантолгой төслийн үр шимийг нэмэгдүүлснээр ард түмэнд шууд ирэх үр өгөөж нь юу байх юм. Иргэнд Б-д үр ашиг нь хэрхэн шууд байдлаар нөлөөлөх юм гэдэг асуулт хүлээлт дагуулдаг. Энэ удаа хэрхэх бол?

-Төсөл үр ашигтай байвал, ард иргэдэд шууд болон шууд бусаар үр өгөөжөө өгнө. Хувьцаа эзэмшиснээр компани ашигтай байгаа үед нь ногдол ашиг авна, хувьцааны арилжаанаас орлого олох боломж бий. Ирээдүйн өв санд хуримтлуулах орлого нэмэгдсэнээр нийгмийн чиглэлийн олон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.

-Төр муу менежер гэсэн зүүсгэл “Эрдэнэс Тавантолгой” компанийг тасралтгүй дагадаг. Менежментийн хувьд асуудалтай компанийг олон улсын зах зээл сонирхох болов уу. Та эдийн засагч хүнийхээ хувьд үүнд ямар таамаг дэвшүүлэх вэ?

-Компани IPO-г амжилттай хийх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үнэлгээ, хувьцааны тоо хэмжээ, санхүүжүүлэх дэд бүтцийн ажлын зардлын бүтэц, тооцооллыг  мэргэжлийн экспертүүд тооцоолж гаргана. Урьдчилан тооцоолсон нөхцлөөр нь IPO хийх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргах учиртай. Ер нь ордыг ашиглах хувилбарын тооцоог гадаад, дотоод санхүү, нүүрсний зах зээлийн дунд, урт хугацааны прогноз судалгаа их чухал. Компани засаглалаа, санхүүгийн ил тод байдал болон хариуцлагын тогтолцоо, хүний нөөцийн чадавхиа сайжруулж, хөрөнгө оруулагчийн сонирхлыг татах хэмжээнд хүрэхийн төлөө өнөөдрөөс ажиллаж эхлэх шаардлагатай. Яг одоо бол мэдээж бэлэн биш.

Эх сурвалж: www.medee.mn

Ангилал


Twitter


Facebook