З.Нарантуяа: Өр их байна гэж зүгээр л ЯРИАД СУУХАД энэ өр алга болчихгүй

2016-11-14
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай 2017 оны төсөв, Монголын эдийн засгийн хямрал, түүнээс гарах арга замын талаар ярилцлаа.

-2017 оны төсөв удахгүй батлагдана. Энэ ирэх жилийн төсвийн төсөлд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа вэ?

- Эдийн засгийг богино хугацаанд хүндрэлээс гаргахад хэр тус болох төсөв болов гэдэг талаас нь дүгнэвэл хангалттай биш. Зардлыг 2016 оны тодотголоос 1.1 тэрбум орчмоор бууруулсан. Төсвийн ерөнхий орчин сайжраагүй,алдагдал өндөр хэвээр батлагдахаар байна. Орлого, зарлагын бүтцэд дорвитой өөрчлөлт ороогүй. Бодит эдийн засгийн хөрөнгө оруулалт хумигдсан, ажлын байрыг хадгалахад нөлөө үзүүлж чадахааргүй төсөв болох нь гэж харж байна. Гэхдээ төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах зарчим барьж, шинээр концесс, вексель, шинэ хөрөнгө оруулалтуудыг хумисныг зөв гэж бодож байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны Төсвийн тухай хуулийн төслийн хувьд хэлэлцүүлгийн явцад орлого нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлд зарим зүйлүүд хийгдсэн. Тухайлбал: төсвийн ерөнхийлөгч захирагч нарын урсгал зардлыг 1 хувиар буюу мөнгөн дүнгээрээ 27.0 орчим тэрбум төгрөгөөр, ЗГ-ын бондын хүүгийн төлбөрийг 47.0 тэрбумаар бууруулах, төрийн өмчийн компаниудын хувьчлалын орлогыг 50.0, ногдол ашгийн орлогыг 10.0 тэрбумаар нэмэгдүүлэх зэрэг саналуудыг Ажлын хэсгээс гаргасныг Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдпийн олонхи дэмжсэн.

-Дээрхи өөрчлөлтүүдийг хийхэд алдагдал хэдээр буурав?

-Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэх төсвийн алдагдал 9.2 орчим хувь болж буурах тооцоо гарсан.

- АН төсвийн алдагдлыг 6.7-6.8 хувьд буулгах боломж байна гэж үзэж байсан, үүнтэй харьцуулахад хангалтгүй юм биш үү, үүнд хэр шүүмжлэлтэй хандаж байна?

- АН хэд хэдэн асуудлаар зарчмын байр сууриа илэрхийлсэн. Төсвийн алдагдлын хэмжээг 600.0-1000.0 тэрбум төгрөгөөр буулгаж 6 хувь руу оруулья. Алдагдлыг хүчээр буулгахгүй нь мэдээж. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын нэмэгдсэн дүнг хасч, урсгал зардлыг нийтэд нь 5 хувиар буюу 2015 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн хэмжээнд хүргэж, зоригтойхон царцаая гэсэн. Бүх хөрөнгө оруулалтуудыг дотор нь эрэмбэлж, энэ жил тэвчиж болох барилга, байшин, контор, тэдгээрийн урсгал засварын санхүүжилтыг энэ жилдээ хойшлуулж чадсан бол дээрх хэмжээнд хүрэх боломж байлаа гэж үзэж байгаа юм.

2017 оны төсвийг дараа дараагийн жилүүдэд төсөв зохиоход жишиг болохуйц, төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах суурь өөрчлөлтүүдийг хийж чадсан төсөв байгаасай гэж бодсон боловч тэгсэнгүй.

-Монголд тулгараад буй дараагийн асуудал нь 2017-2018 онд төлөгдөх бондын төлбөрүүд байна. Өрөө яаж төлөх вэ гэдэг шийдэл хараахан гараагүй байх шиг. Таны хувьд ямар алхам хийх нь хамгийн зөв болох вэ?

- Ойрын богино зорилт бол хуримтлалгүй учраас өртөг багатай өөр эх үүсвэр зээлж төлөх. Энэ чиглэлээр ОУВС-тай яриа хийгдэж байна. Авч чадвал төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдлаа хаах боломжтой болно.

Дунд, урт хугацаандаа өрийн үүргээ хугацаанд нь биелүүлэхийн тул одооноос өрийн удирдлагын менежментийг илүү мэргжлийн түвшинд хийх хэрэгтэй. Ялангуяа дотоодын бондын төлбөрийн хуваарийг уян хатан болгох, зардлыг бууруулах, хөрвөх чадварыг нь нэмэгдүүлж, санхүүгийн үр ашигтай хэрэгсэл болгох чиглэлд анхаарч, Монголбанк, Сангийн яам хамтарч гадаад, дотоодын санхүүгийн шинжээчдыг оролцуулан мэргэжлийн багаас бүрдсэн нэгж ажиллуулах шаардлага байна.

Өр их байна гэж зүгээр л яриад суухад энэ өр чинь алга болчихгүй. Улс орнууд төр, хувийн хэвшлийн өрөө амжилттай удирдаж байгаа туршлагаас суралцан олон улсын бондын захын оролцогч мэргэшсэн байгууллагуудтай холбогдож, ажиллах нь чухал. Дотоодын бондын хоёрдогч захыг эрчимтэй ажиллуулж, дүрэм, журмыг нь гарган идэвхжүүлэх хэрэгтэй. Худалдан авагчдыг нь мөн дэмжсэн бодлого явуулбал үр дүн гарна гэж бодож байна.

Орлогоо нэмэгдүүлэхийн тулд том төслүүдээ хурдан эхлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэж мэдээлж байгаа. Энэ ажиллагааг богино хугацаанд хийж чадвал дараагийн төлбөрийн дарамт хөнгөрнө.

"АЛДААГАА ДАВТАХГҮЙ БАЙХЫГ ЭНЭ ХҮНДРЭЛ САЙН ОЙЛГУУЛЖ БАЙНА"

-Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрт ямар саналтай байгаа вэ?

-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр оновчтой, тоймтой хэдэн чиглэлд фокусалсан, хүрэх үр дүн, хэмжих үзүүлэлт нь тодорхой ажил хэрэгч, биелэгдэхүйц баймаар байна. Одоо бол маш олон ажлын жагсаалт л байна.

-“Стэнд бай” хөтөлбөрийг дэлхий дээр хамгийн хүнд эдийн засагтай байгаа орнуудад хэрэгжүүлдэг. Монгол Улс яагаад энэ хөтөлбөрт ортлоо хямрах болов. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаа юу эсвэл...?

-“Стэнд бай” хөтөлбөрийг Монгол Улс өмнө нь гурван ч удаа авсан. Хөтөлбөр авах хэмжээнд хүрснийг аль нэг нам, улс төрийн хүчинд эсхүл эрх барьж байсан хугацаанд нь хамааруулж яриад одоо бол хэрэггүй. Өнгөрсөн жилүүдэд гадаад зах дээр үүссэн таагүй нөхцлүүд, манай дотоод эдийн засгийн бүтцийн буруу, эмзэг байдлаас л үндсэн шалтгааныг нь хайх нь зөв байх.

Дээр нь уул уурхайн салбарын оргил үеийн хэт их тансагласан, бялхсан, үрэлгэн байсны л гор шүү дээ. Үүнд эрх барьж байсан аль аль нам буруутай. Хүний хөгжлийн сан, Баялгийн сан гээд хуримтлуулсан мөнгөтэй улс орнууд яг л ийм хүндрэл үүссэн үед сангаа ашиглаад тогтвортой байдлаа хадгалж чадаж байна. Цаашдаа энэ алдаагаа давтахгүй байхыг энэ хүндрэл сайн ойлгуулж байна.

-Шинэ Засгийн хувьд халамжийн мөнгийг тийм ч их танасан харагдахгүй байна. “Насны хишиг”, хүүхдийн мөнгө, “Цалинтай ээж” гээд эдгээр халамжийн мөнгө төсөвт хэр зэрэг дарамт учруулж байгаа вэ?

-ДНБ-ний 1 орчим хувьтай тэнцэх мөнгийг халамжид зарцуулдаг. Энэ жил 480 орчим тэрбум төгрөг төсөвт тусгагдсан. Халамж очих ёстой хэсэгтэй зөв очих нь л чухал. Өмнө нь хүүхэд бүрт өгдөг мөнгө, хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэх мөнгө, хүүхэд харах үйлчилгээний мөнгийг төсөвт дарамж болж байна гэж хассан хэдий ч нэр, агуулга нь арай өөр болоод, ингэхдээ бүх хүнд тэнцүү биш ялгавартай өгөхөөр болж байна.

-Иргэдийн хамгийн их хүлээж байгаа зүйл бол орон сууцтай болох байх. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж манай эдийн засагт бий юу. Зарим эдийн засагчид энэ зээлийг хүчтэй шүүмжилж байна?

-Ипотекийн зээлийн талаар МАН, АН-ын байр суурь өөр өөр байгаа хэдий ч энэ хөтөлбөр ард иргэдэд бол яах аргагүй хэрэгтэй зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй, энэ Засгийн газар үргэлжлүүлж олгохоор шийдвэрлэсэн.

Эдийн засагт хэрэглээ багасч байгааг дан ганц ипотекийн зээлтэй холбож тайлбарлахыг буруу гэж боддог. Одоогоор зээл авсан 80 гаруй мянган өрх төлбөрөө хугацаанд нь төлдөг, зээлийн эргэн төлөлт 99 хувьтай. Банк зээл олгохдоо өрхийн нийт орлогын тооцооллыг гаргаж, орон сууцны зээлийнхээ төлбөрт 45 орчим хувийг төлөөд цаана нь өөр хэрэглээндээ 50-55 хувийг зарцуулах хэмжээнд байгаа эсэхийг шалгаж, үзээд зээлийг олгодог. Иймд эдгээр өрхүүдийн хүнс өргөн хэрэглээний барааны хэрэглээ энэ хэмжээнд байгаа.

Нөгөө талаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрхийн хуримтлал-үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг бий болгосон. Энэ хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол айл өрхүүдийн ихэнх нь орлогынхоо 50 хувийг хадгаламжиндаа хийж, хуримтлуулах байсан уу. Үгүй л болов уу. Өдөр тутмын хэрэглээндээ үрж, импортыг л нэмэгдүүлэх байсан.

Эдийн засагчид импорт буурч, экспорт нэмэгдэх нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийг сайжруулна гэдгийг мэдэх учраас ингэж ярьж байгаа эдийн засагчид зүгээр л улс төржиж, хэрэгтэй зүйлийг муулах шалтгаан хайж байгаан.

Өрхийн орлого нь дээрх хэмжээнд хүрэхгүй байгаа олон зуун айл өрх энэ хөтөлбөрт хамрагдаж, орон сууцтай болохыг хүсч байна. Ипотекийг муулж байхыг оронд эдгээр иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр л бодож, ажиллах нь энэ Засгийн газрын ажил байх ёстой.

-Хамгийн гол нь ипотекийг цааш нь санхүүжүүлэх боломж байна уу гэдэг асуудал яригдаж байх шиг байна?

-Ипотекийн зээлийг өмнөх схемээр нь л үргэлжүүлэхэд болно. Энэ схемийг амжилттай болгох гэж Монголбанк анхнаас нь оролцсон. Үүнээс цааш Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээр санхүүжигдэх ёстой гэж үзэж, Монголбанк бондыг шилжүүлсэн ч энэ намар УИХ буцааж Монголбанкинд өгснөөс одоо гацаа үүсгэчихээд байгаа. Засах зүйлийг нь засаад зээлийг олгоод явахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам иргэд хохирч байна.

-Арилжааны банкууд санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг эзэлж байна. Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлахаар яригдаж байгаа энэ үед хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх таатай нөхцөл бий болсон гэж үзэж болох уу?

- Томоохон компаниудын хувьцааг биржээр арилжих нь мэдээж энэ зах зээлийн хөгжилд түлхэц болно.

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц сайжирч байгаа. Бүртгэл, арилжааны журам шинэчлэгдэж, шударга, нээлттэй, хяналт бүхий арижааны орчинг бүрдүүлэх эхлэл тавигдсан. Хууль дүрэм журмууд зохицуулалтууд ч нэлээд сайжирсан. Хувьцаа нь амжилттай арилжаалагддаг байхын тулд хувьчлах компаниудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхэд Төрийн Өмчийн Хороо, компанийн удирдлагууд анхаарч, бэлтгэлээ сайн хийх шаардлагатай. Алдагдалтай ажилладаг компанийн хувьцааг хэн ч авахгүй.

Дэд бүтцийн хувьд үнэт цаасны арилжаа, клиринг, хадгаламжийн байгууллагууд болон биржийн хооронд хийгдэх төлбөр тооцоог саадгүй, найдвартай хийх системийг илүү сайжруулах шаардлагатай. Бирж, төлбөр тооцооны байгууллагууд, үнэт цаасны компаниуд, кастодиан банк, хөрөнгө оруулалтын сангуудгээд энэ зах зээлийн оролцогчид хэвийн ажиллах хууль эрх зүйн орчин бол тавигдсан. Илүү боловсронгуй болгох зүйлүүд их байгааг Сангийн яам, СЗХ, Монголбанк богино хугацаанд хийж, идэвхижүүлэх хэрэгтэй.

"ДОЛЛАРЫН ХАНШ ЦААШИД ӨСНӨ ГЭСЭН ХҮЛЭЭЛТЭЭС БОЛЖ ДОЛЛАРАА ХАДГАЛААД БАЙНА"

-Ам.долларын ханш 2,400 давчихсан. Төв банк эцсийн нөөц бололцоогоо шавхаад ханшийг хангалттай хэмжээнд барьж чадахгүй байна гэсэн тайлбар хэлж байна. Тэгэхээр Засгийн газрын зүгээс нэн даруй ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Ам.долларын ханш өсч байгаа нь зах дээр долларыг их хэмжээгээр зарахгүй ховор байгааг харуулж байна.

Банкуудын хувьд валютын чөлөөт эх үүсвэр байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч төгрөгөө ам. доллар болгож хадгалуулах сонирхолтой болсон байна. Долларын ханш цаашид өснө гэсэн хүлээлтээс болж доллараа хадгалаад байна гэх хэлж болохоор байна. Иймээс энэ хүлээлтийг л алга болгож, долларыг нь заруулах арга хэмжээг Төв банк, Засгийн газар авах хэрэгтэй.

Төв банк валютын нөөц байхгүй, ханш огцом өсөхөд барьж чадахгүй гэсэн мессэжийг зах руу өгөөд л байх юм бол ханш буурахгүй. Засгийн газар валютын орлого оруулдаг салбар, аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай.

Валютын бодит хэрэгцэээг тооцоолж, валютаар хийгдэж байгаа гүйлгээнүүдийг хянах, банкуудын зохистой харьцааны үзүүлэлтийг өөрчлөх зэргээр зөвхөн интервенцийн аргаар бус хуулиар зөвшөөрсөн арга хэмжээнүүдийг эрчимтэй авах хэрэгтэй.

-Ханш тогтвортой байх ёстой юм уу, эсхүл байнгын савалгаатай байх нь зөв үү. Ер нь ханшийн тогтвортой байдлыг хангахад Засгийн газраас юу хийх ёстой юм бэ?

-Ханш яг нэг байрандаа байнга тогтмол байна гэж байхгүй. Өснө, буурна. Гол энэ энэ процесс огцом биш, аажмаар, савалгаа үүсгэдэггүй л байх нь чухал. Засгийн газар экспортыг нэмж, валютын орлогыг нэмэгдүүлж, орох урсгалыг л нээж байх үүрэгтэй.

-Та Монголын эрх баригчдыг олон улсын зах зээлд мэдээллээ хэр зөв хүргэж байна гэж үзэж байгаа вэ?

-Бодит байдлыг хэлэх нь зөв ч ямар байдлаар тайлбарлаж ойлгуулах вэ гэдгээ сайн бодоосой гэж хүсч байна. Санхүүгийн зах зээл маш мэдрэмтгий учраас зохицуулагчид их болгоомжтой байдаг.

-Засгийн газраас 1 тэрбум ам.долларын бонд босгоно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

2017 оны Төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн бонд гаргана гэж тусгасан. Үүний зарим хэсгийг зах дээр гаргахаар төлөвлөсөн байа. Нарийн тоог Сангийн яамнаас асуусан нь дээр байх. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга.

-Үүнээс өөр гарц байхгүй гэж үзсэн гэсэн үг үү?

-Богино хугацаанд хийх төлбөрүүдийг "Стэнд бай" хөтөлбөрийн эх үүсвэрээр хийж болох ч нийт хүлээгдэж байгаа ойрын жилүүдэд хийх төлбөрийн хувьд хөгжлийн зээл, бондын хөрөнгөөр л гүйцэтгэнэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: ikon.mn

Ангилал


Twitter


Facebook