С.Эрдэнэ: Бид анхааралтай ажиглаж байна

2016-11-04
|
Ярилцлага

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Засгийн газар 100 хоногт халаа сэлгээнээс өөр ямар ч ажил хийсэнгүй гэж та бүхэн шүүмжилж байна. Энэ хугацаанд танай намын бүлэг ямар ажил хийв?

-Бид өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа. Тухайлбал, орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзсан. Мөн мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын үйл ажиллагаанд зургаа дахь удаагаа үнэлэлт дүгнэлт өгч байна. Манай нам эрх барьж байхдаа төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаагүй. Жишээ нь, би өнгөрсөн дөрвөн жилд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан. Энэ хугацаанд төрийн албан хаагчдыг хоморголон халаагүй.

-Эдийн засгийг сайжруулах онцгой хөтөлбөр гэгчийг энэ өдрүүдэд Байнгын хороодоор хэлэлцэж байна. Засгийн газар 18 сарын хугацаанд эдийн засгийг сайжруулахаар хөтөлбөрт тусгасан байна лээ. Үүнийг танай намын бүлэг хэрхэн харж байна вэ?

-Үүнд бид эргэлзэж байгаа. Нэг тулгуурт эдийн засгаа л яриад байна. Олон тулгуурт эдийн засгийн тогтолцоонд шилжих ёстойг бид бүгд харлаа шүү дээ. Эдийн засгийн цогц бодлого харагдахгүй байна. Засгийн газрын 100 хоногийн тайлан шиг хий хоосон ажил болно.

Төрийн залгамж чанар гэж байх ёстой. Бид долдугаар сард ажил хүлээлгэж өгөхдөө 1.3 тэрбум гадаад валютын нөөцтэй данс хүлээлгэж өгсөн. Гэтэл бидний хийсэн ажлыг харлуулах гэж Сангийн сайд, Төвбанкны ерөнхийлөгч нар олон нийтэд мэдэгдэл хийсэн нь олон улсад Монголын нэр хүндийг навс унагасан. Үүнээс үүдэж валютын ханш 400 төгрөгөөр нэмэгдэж, манай улсын зээлжих зэрэглэл буурлаа.

-Зээл авах асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байгааг сонирхоё?

-Гадаадаас авах зээлд маш болгоомжтой хандах ёстой. Улс орны аюулгүй байдлын баталгаа бол эдийн засгийн аюулгүй байдал юм. Бид зээл авах асуудлыг анхааралтай ажиглаж байна. УИХ-ын даргын БНХАУ руу, Ерөнхий сайдын Япон улс руу айлчилсан айлчлалын талаарх албан тоотыг явуулахыг хүссэн. Одоогоор албан тоот ирээгүй байна. Бид дахин хүсэлтээ тавина. Бага хүүтэй зээлийг ямар үндэслэлээр авах гэж буйг тодруулах шаардлага байна. Нэг улсаас эдийн засгийн хэт хараат байх нь манайд сайн зүйл авчрахгүй.

Эх сурвалж: eagle.mn

Ангилал


Twitter


Facebook