Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсов

2018-05-30
|
Хэвлэлийн хурал

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  /2018.05.30/ хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Р.Гончигдорж, С.Ламбаа, Н.Батбаяр зэрэг тус бүлгийн бусад зөвлөхүүд оролцож санал бодлоо хуваалцав.

Хуралдаанд оролцчдын хувьд Үндсэн хуулийн бичилт, найруулга товч, тодорхой  олон утга санаа илэрхийлэхгүй байх, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан болж буй асуудлуудыг цэгцэлж,  ойлгомжтой болох талаас нь ажиллах нь зүйтэй гэсэн саналууд  мөн  гарч байв.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан  тохиолдлуудыг дурьдаад, анхаарвал зохих хэд хэдэн асуудлууд байгааг, тухайлбал, Монгол Улсын төрийн удирдлагын хэлбэр, гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийн хэмжээ ямар  байх, Засгийн газрын гишүүдийн дан, давхар дээлний асуудлыг цэгцлэх.

Үүнээс гадна шат шатандаа  намаар дамжиж, төрийн албанд ордог байдлыг зогсоох, ер нь шударга ёс хариуцлагын тогтолцоог үндсэн хуульдаа илүү сайн тусгаж өгөх ёстой  гэсэн саналууд гарч байв. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн асуудлууд тэр дундаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь статусын хувьд ямар байх вэ зэрэг хэлэлцэх олон асуудал байгаа гэдэг талаар ярилцлаа.

Ажлын хэсгийн мэдээллийг сонссон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд нухацтай, анхааралтай ул суурьтай хандаж ажиллана гэдгээ мөн энэ үеэр илэрхийлж байсан юм.






Ангилал


Twitter


Facebook