Л.Болд: Бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай үзэж байна

2018-05-14
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдээс хуулийн байгууллагынхан мэдүүлэг авах боллоо. Танд болон Ж.Батзандан гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудал юу болж байгаа вэ?

-1990 онд бид огт өөр нийгэм рүү шилжсэн. 1990 оноос өмнө ийм зүйл байсан. Хүнийг цаазлах юмуу, хуулийн арга хэмжээ авахдаа нэр хүндийг нь гутаадаг. Тэр үед хэлмэгдээгүй хүн бараг үгүй. Их зохиолч Д.Нацагдоржоос эхлээд С.Буяннэмэх гээд үргэлжилнэ. Б.Ринчен гуайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад нь шоронд хорьж байлаа. Өнөөдөр тэр хүн буруу зүйл хийгээгүй байж гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл тухайн үед тэс өөр ойлголтыг өгч байсан. Тухайн хүнийг аймшгийн муу, муухай хүн мэт нийгэмд ойлгуулчихаад энэ хөшигнийхөө ард хэлмэгдүүлэлтийг явуулдаг байлаа шүү дээ. Ийм нийгмийг бид 1990 онд өөрчилсөн. Гэтэл зарим хүчнүүд энэ арга барилаа огт тавихгүй байна.

Бүх зүйлийг хуулийн дагуу, хуулийн хүрээнд явах ёстой байтал өнөөдрийг хүртэл хичнээн удаа, хичнээн хүнд хэрэг нээлээ, буруутгаж гүтгэж байгаа нь тэр цаг үедээ богино зайн улс төр хийхийн тулд хүний нэр хүндэд халддагийг бид мэднэ. Цаанаа тендер авдаг юм уу, Засгийн газрыг огцруулдаг юм уу, сайд, агентлаг авдаг ч юм уу улс төрийн хожооны зам руу орчихлоо. Тиймээс нийгэм өөрийгөө хамгаалдаг дархлаатай болох ёстой.

Өнөөдөр хичнээн хэцүү байсан ч бидэнд дуугарах, эсэргүүцэх, хамгаалах эрх нь бий. Тиймийн учир өнөөдөр тодорхой гишүүд байр сууриа илэрхийлж, үүнийхээ төлөө сайн, муу янз бүрийн зүйл сонсож байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг зүйл олон удаа яригдлаа. Их хурал дээр эрх нь зөрчигдсөн хүмүүс зовлон бэрхшээлээ яривал гишүүд сонсох үүрэгтэй. Цаад талд нь албан ёсны Их хурал нь ард түмнээсээ хаалга үүдээ хааж байгаад нууцаар хуралдаад хаалттай, далд хүрээндээ тохирсон асуудлаа шийдээд явж байгаа. Өнөөдөртөө яахав ингээд явж болдог юм аа гэхэд алсдаа үнэн зөв нь ил болно. Эрүүгийн хэрэг үүсгэлээ, шалгалаа. Энэ бүхэн байдаг л процесс. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд энэ байтугайг л үзлээ.

-Хууль хүчний байгууллагынхан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж нэр хүндийг нь сэвтээчихээд эргээд ийм зүйл болж гээд мэдээллэдэггүй. Энэ нь тухайн хүмүүстээ маш хүнд цохилт болдог байх?

-Монголчууд их хэлмэгдүүлэлт үзсэн ард түмэн. Хэдэн арван мянгаараа сэхээтэн, лам, эх орныхоо төлөө зүтгэсэн хүн бүрийг цааш нь харуулсан том махны машин явсан. Сэхээтний төөрөгдөл нэрээр махны машинд Монголын нэгэн үеийн сэхээтнүүд арчигдсан. Энэ бүхэн цаанаа заавал том зорилготой байдаг.

Тухайлбал, ард түмнийг эрхшээлдээ байлгах, эдийн засаг бизнесийн сонирхлоо гадаад, дотоод гэлтгүй гүйцэлдүүлдэг. Үр дүнг нь бид өнөөдрийн өндөрлөгөөс харж байна. 1992 оны Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг ард түмэнд өгсөн. Ард түмэн буюу гурван сая иргэн засаг барих бололцоогүй тул 76 УИХ-ын гишүүн сонгоод тэр хүмүүсээрээ дамжуулан ард түмэн төрийн эрх барилцдаг. Тиймээс тэр 76 гишүүнд маш их эрх мэдэл төвлөрч байгаа учраас үүнийг тойрсон барьцаалалт, тэр хүмүүсийг эрхшээлдээ оруулах гэсэн том тэмцэл сүүлийн 30 жил явлаа. Үүний нэг илрэл нь өнөөдөр ч үргэлжилж байна шүү дээ. Заримдаа ялагдана, заримдаа ялна. 2020 онд ялагдвал ард түмний эрх мэдэл өөр тийшээ шилжинэ. Гарч байгаа шийдвэрүүд нь ард түмний эрх ашгийн төлөө гэсэн баталгаа улам л байхгүй болно. Тодорхой бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай ч үзэж байна. Өнөөдөр маш сонин эргэлзээтэй, эмзэг нөхцөл байдал бий болчихлоо.

-С.Зориг агсан амь насаа алдаад 20 жил болчихлоо. Телевизийн нэвтрүүлгээр баримт гаргаж ирж байна лээ. Ж.Батзандан гишүүн “Нэг сэтгүүлчээс доор мэдээлэл ч авч чаддаггүй ийм Их хурал тарах хэрэгтэй” гэж байсан. Их хурал өнөөдөр мэдээлэл авч чадахгүй байна уу?

-Энэ Засгийн газар байгуулагдах болсон нэг шалтгаан нь С.Зоригийн хэргийг ил болгож, ард түмэнд нэг мөр ойлголт, итгэл үнэмшил өгнө гэдэг асуудал яригдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд ажлаа аваад С.Зоригийн хэргийн хэргийг ил болгоно гэж хэлж байсан. Түүнчлэн Их хурал дээр ч гэсэн шаардлага их тавигдсан. Засгийн газар таван сар гаруйн өмнө С.Зоригийн хэргийн материалын зарим хэсгийг төрийн нууцаас гаргаж, ил болгохоор болсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр шийдвэр хэрэгжээгүй. Нэг үгээр хэлбэл Их хурлын гишүүдийг даапаалаад байгаа байхгүй юу. Хэрэг нь ил болоод зургаан сар болох гэж байна. Их хурлын гишүүд та нар хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, та яагаад өөрсдөө олж үзэхгүй байгаа юм гэж ярьдаг. Өнгөрсөн зургаан сарын турш Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулъя гэж ярьсан. Парламентын гишүүн хэргийн материалтай очиж танилцъя гэж байгаа бол парламент, байнгын хороо, ажлын хэсгийн мандат байх ёстой. Нэхэж нэхэж, нөгөө тал нь цааргалж, цааргалж хоёр долоо хоногийн өмнө дөнгөж ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг нь өнгөрсөн долоо хоногт хуралдах ёстой байтал хуралдсангүй, Байнгын хороо нь ч хуралдаагүй. Энэ асуудлыг зориудаар хойшлуулж, цаг алдуулж байгаа. Ийм тохиолдолд гишүүд материалтай танилцах боломжгүй. Ажлын хэсэг очоод материалтай танилцъя гэхээр материал нь үнэндээ байхгүй л байгаа байхгүй юу. С.Зоригийн хэргийн материалтай танилцах боломж үнэндээ алга. Харин бид анх удаа хэвлэлийн ярилцлагаас өнөөдрийг хүртэл ил болоогүй, мэдэгдээгүй байсан болон өнцөг, мэдээллийг авлаа. Ингэж байж ажлын хэсэг ажилдаа орлоо. Хохирогч тал болон яллагдсан хүмүүсийн талаас тэнцвэртэй мэдээллийг авсан. Прокуророос урьсан боловч ирээгүй. Гэхдээ энэ долоо хоногт Байнгын хорооны хурал дээр ирж Прокурорын удирдлагууд хэвлэлд хариу өгч болсон юм чинь Их хурлын гишүүддээ хариулт, мэдээлэл өгөх байлгүй дээ. Энэ долоо хоногт шинэ мэдээлэл гарах байх.

-Уг нь хэргийн материал ил болсон л юм бол нээсэн шиг нээгээд явчихаж болохгүй байгаа юм байх даа?

-Нууцын зэрэглэлтэй 77 хуудас материал нь нууцдаа хамаардаг юм байгаа биз. Бусдыг нь судлаач, шинжээч, Их хурал гээд судлах ёстой субъектууд нь судлаад, өөрсдийнхөө дүгнэлтийг хэлээд явах хэрэгтэй. Энэ ердийн процесс. Гэтэл үүнийг зориудаар улс төржүүлэн хөөсрүүлээд ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлсэн гишүүдийн араас мөрдөн мөшгиж, айлган сүрдүүлээд байж болохгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна.

-Уг нь та нарын л эхлүүлсэн ардчилал биз дээ...

-Ардчилал утгаа алдчихсан байна. Хараахан ийм түвшинд хүрчихсэн гэж бодоогүй явлаа. Монголын парламент нь парламент биш, Монголын хууль хоёр утгатай мөрдөгддөг болсон юм байна. Ард түмэн төрийн эрх мэдлээ үл мэдэгдэх хүчинд алдчихсан юм байна. Монголчууд монголынхоо эрх ашгийн төлөө биш үл мэдэгдэх гараар удирдуулдаг болчихсон юм байна. Нөхцөл байдал тун эгзэгтэй болж. Ард түмэн энэ цаг үед өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, улсынхаа хавь заяаг гартаа авах хөдөлгөөнүүд гарч ирж байгаа нь зүй ёсны хэрэг. Тухайлбал, Гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн томоохон жагсаал цуглаан хийж, том тэмцэл эхлүүлж байгаагаа зарлалаа. Ард түмний эрх ашиг гэдгийн ард зовж, зүдэрч, эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрх ашиг байдаг. Иргэд байхгүй сайхан зорилтын төлөө биш амьдрал дээрээ тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө явснаар жинхэнэ мөн чанар нь илэрнэ. Миний хувьд Гэр хорооллын иргэдийн хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байгаа. Ард түмэн хувь заяагаа гартаа авах цаг нь болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Оюу толгойтой холбоотой хүмүүсийг барьж, хорьж шалгаж байгаа процессийг та хэрхэн үнэлэх бол. Оюу толгой том төсөл. Гэхдээ үүнийг зогсооё гэсэн хүмүүс байх шиг байх юм?

-Нөхцөл байдлыг харахад дээр хэлсэнчлэн хэн, хаанаас яаж удирдаад байгаа юм бэ. Монголын төр, хуулийн байгууллагыг хэн алсын удирдлагаар удирдаад байна вэ. Ямар ашиг сонирхлын үүднээс удирдаж байна вэ гэдэг нь өөрөө ойлгомжгүй болчихлоо. Оюу толгой бүтэн зуун жил Монголын ард түмнийг авч явах том төсөл. Үүн дээр гарч байгаа УИХ, Засгийн газрын шийдвэр нь өөрөө тусдаа, олон улсын түвшинд хүлээж байгаа Монгол Улсын хариуцлагын асуудал. Монгол Улс гэрээгээ сайжруулж, барьцаа ахиулж байх үүрэгтэй. Сонгууль бүрээр үүнийг шаардаад хийж чадахгүй бол хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Гэхдээ Оюу толгойн гэрээг зогсоо гэж байгаа юм биш шүү. Нөгөө талд нь эргэлзээтэй зүйл байгаа бол үүнийгээ шалгаж байх ёстой. Энэ нь манай дотоодын асуудал. 10 жил шалгалаа гэж ойлгож байгаа. Шалгаад зөрчил байгаа бол үүнийгээ нотлоод хуулийн хүрээнд ажлаа явуулах ёстой шүү дээ. Түүнээс таамаг, хардлага, улстөржилтийн байдлаар хандаж болохгүй. Шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хяналгүй л яахав. Гэхдээ цаанаа улс төрийн зорилго, эрх ашгийн тооцоотой зүйл хийгдэж байгаа нь хүний эрх, улс орны эрх ашиг талаасаа сөрөг, ухралт дагуулсан үйл явц өрнөж байна. Үүн дээр Монголын төр өөрийн дүгнэлтээ хийх байх.

-Заавал хүмүүсийг барьж хорьж байцаалт, мэдүүлэг авах ёстой юу?

-Залхаан цээрлүүлэх маягтай барьж хорьж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа нь хөрөнгө оруулалтад халтай, бүтэлгүй улс гэдэг мессэжийг өгч байна. Улсаа хорлох маягаар ингэж хандаж болохгүй. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар эх орноосоо гараад зугтаачихгүй л бол ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хязгаарлах замаар шийдэж болно. Оюу толгойтой холбоотой асуудал бол олон жил яригдаж байгаа зүйл. Тэр хугацаанд хангалттай нотолгоо юм цуглуулсан байлгүй дээ. Үүнийгээ гаргаж ирээд явбал ямар нэгэн эргэлзээгүй л дээ. Эцсийн бүлэгт барилаа, хорилоо гэдэг нь залхаан цээрлүүлэлт юм уу, хэлмэгдүүлэлт юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Цаашаа үргэлжлэх процесс нь ч оньсого мэт. Нэг сарын хугацаанд хүмүүсийг хорьж мэдүүлэг авсан бол гарга л даа. Тэр хүмүүс чинь нэр хүнд, сэтгэл санаагаараа хохирлоо. Үүнийг дагаад найз нөхөд, гэр бүл, улс төрийн хүчин нь хүртэл хохирол амсч байгаа. Ямар зүйл нь дутуу болчихоод суллалаа гэчихээд хоёр цагийн дараа эргүүлээд хорьчихож байгаа юм бэ. Үүний цаад үр дүн, зорилго нь юу вэ. Энэ бүхэнд хариулт өгнө гэхээсээ илүү асуулт нь дэндүү олон болчихоод байна. Байнгын ажиллагаатай парламент үүнийг нь сонсох ёстой. Тиймээс энэ бүхний гол гогцоон дээр байгаа Улсын ерөнхий прокурорын удирдлагын байр суурийг Хууль зүйн байнгын хороо сонсох хэрэгтэй. Прокурорын тухай хуулийн 49.1-т “Ерөнхий прокурор хуулийн хэрэгжилтээр жилд нэгээс доошгүй удаа ажлаа тайлагнана” гээд заачихсан. Юун нэгээс доошгүй байтугай өнгөрсөн парламентын үед нэг ч удаа тайлагнаагүй. Тиймээс нээлттэйгээр энэ бүхэнд хариулт өгөх, бид мэдээлэл авах шаардлагатай. Прокурор дээр маш олон асуудал хуримтлагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Их хурал өнөөдөр хэлэлцэх асуудалгүй болчихлоо гээд байгаа хэрнээ яагаад энэ бүхэнд тайлбар, мэдээлэл авч болохгүй байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга болон дэд даргын асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн ч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ард түмнээс санал авч тэр хүмүүсийнхээ нэрийг өргөн барьсан...

-Байгууллагын мөн чанар хийгээд тэнд хэн байгаа гэдэг нь надад сонин биш байна. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч УИХ-д асуудал орууллаа. Байнгын хорооны хуралдаан дээр дэмжинэ, дэмжихгүй гээд санал хураадаг. Энэ тусдаа асуудал. Гэхдээ үүнийгээ заавал Их хурлаар оруулж дэмжинэ, дэмжихгүй гэдгээ хэлэлцдэг. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэхэд байнгын хороо дэмжээгүй. Гэтэл Их хурлаар орж ирэнгүүт дэмжээд явсан. Энэ суурь зарчим.

-Б.Хурцтай холбоотой асуудлууд шийдэгдсэн үү?

-Би зургаан сар шүүхийн үүд сахилаа. Гэрийн хаягийн маргаанаар өнөөдрийг хүртэл хүлээж авахгүй буцаасаар байгаад хамгийн сүүлийн өргөдлийг хүлээн авлаа. Харамсалтай нь үүнийг гурван удаа буцаасан шүүгч дээр дахиад хуваарилж байна. Би шүүгчээсээ татгалзаж байгаа. Өмнө нь гурван удаа шударга бус шийдэж байсан хүн дөрөв дэх дээрээ шударгаар шийднэ гэдэгт эргэлзэж байна, үнэн дээ. Нөгөө талд нь миний тавьсан асуудалд тайлбар ирсэн. Одоо шүүх хурлаа хүлээж байна. Энэ хооронд тэр хаягаар Ж.Батзанданг хоёр ч удаа шүүхэд өгөөд нөгөө тал ялчихсан. Ж.Батзандан гишүүн нэлээд том мэдэгдэл хүлээсэн. Гэсэн ч үнэнд нийцэхгүй гээд шүүхэд өгөөд шүүх тодорхой шийдвэр гаргасан. Ж.Батзандан гишүүн бид хоёрыг нээлттэй сонсгол хийлээ гэж эрүүгийн хэрэг нээх өргөдлийг прокурорт гаргасан. Эхний байцаалтаа авсан. Дараагийн шатанд яах юм бүү мэд. Улс төрийн агуулга бүхий хуулийн байгууллагыг тойрсон зүйлс тасрахгүй байна.

 

Эх сурвалж: өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook