Б.Пүрэвдорж: Ээж гэдэг хүн байнга дэргэд байдаггүй юм, тиймээс үргэлж хайрлаарай

2018-03-09
|
Ярилцлага

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8”-ны баяр ойрын өдрүүдэд тохиож байгаа билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн баяртай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг “Сондгой өнцөг” буландаа урьж, ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн бая­раар эхнэр, ойр дотны эмэг­тэй­чүүдээ хэрхэн баяр­луулдаг вэ. Яагаад ч юм таныг дотны хүмүүсээ их сайхан баярлуулдаг болов уу гэсэн бодол төрж байна?

-Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн энэ өдрийг монголчууд өргөн, дэлгэр тэмдэглэдэг болж. Эмэгтэйчүүдээ баярлуулж, хамгийн сайн сайхан үгээ бүсгүйчүүддээ хэлдэг өдөр. Эрчүүд бүсгүйчүүддээ, охид­доо үйлчилдэг, баяр­луул­даг сайхан баяр. Энэ сайхан баярын мэн­дийг Монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүд, ээжүүддээ хүргэе. Би эмэг­тэйчүүдийн баяраар эхнэр, хүүхдээ хамгийн сайхан, мартагдахааргүйгээр баярлуулахыг хи­чээдэг. Манайх хоёр охинтой. Гурван эмэгтэй хүн баярлуулна. Хоол хийж өгнө. Жил бүр л даал­гавраа биелүүлээд л явдаг.

-Гарын хоолоо хийж, дайлдаг байх нь?

-Гарын хоол байлгүй яахав. Байнга хоол хийгээд байх зав гарахгүй. Харин нэг хийвэл маш сайн хоол хийдэг. Тийм учраас манай гурав аавын хоолыг идэхийг байнга хүсч байдаг юм. Тийм болохоор баярын өдрөөр, эсвэл хаа нэг хоол хийхдээ гараа гаргана даа, харин ч нэг.

-Жил бүр л эхнэр, охидуудаа янз бүрээр баярлуулдаг байх. Гэхдээ тэр жил л мартагдахааргүй баярлуулж чадсан даа гэж дурсагдахаар “Март” байгаа болов уу. Тийм сайхан нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Жил болгон л сайхан баярлуулдаг. Тийм болохоор тэр нь илүү онцгой байсан гэж тод­руулж хэлэх боломжгүй юм байна. Би чинь эмэг­тэйчүүдийн баяраар гэр орноо цэвэрлэнэ, хоолоо хийнэ. Эхнэр, охидоо чөлөөтэй баярлах боломжоор хангана. Дуу дуулж өгнө. Би өөрөө дуулах дуртай. Гэр бүлдээ хамгийн их цаг гаргадаг өдөр нь л эмэгтэйчүүдийн баяр шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн баярын энэ өдрүүдэд бид хайртай ээжийгээ баярлуулж, сэтгэлийг нь тэнийлгэхийг хичээдэг. Эхийн хайрын тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Эх хүний хайр гэдэг хамгийн агуу зүйл юм даа. Та ээжийнхээ талаар дурсаач?

-Олон хүүхэдтэй айлд өссөн хүмүүс нэгнийгээ илүүтэй их хайрладаг юм шиг надад санагддаг. Ээж маань эхээс 11-үүлээ. Харин ээж маань өөрөө найман хүүхэд төрүүлж, өсгөсөн. Маш их хөдөлмөрч хүн байлаа. Аав, ээж хоёр маань Их сургуульд суралцаж байхдаа танилцаж, гэр бүл болсон гэдэг. Завхан аймгийн Алдархаан суманд айл гэр болж байсан. Хоёулаа багш байсан юм. Социализмын үед багш нар байнга нааш, цаашаа шилждэг байсан. Тийм болохоор Завханаас Ховд руу шилжиж байлаа. Зэрэг, Мөст, Дарви гээд олон суманд ажиллаж, амьдарч байсан хүмүүс. Сүүлд Зэрэг сумандаа ажиллаж байгаад, тэтгэвэртээ гарсан. Ээж монгол хэлний багш. Аав маань хөдөлмөр, зургийн багшаар ажиллаж байлаа. Багш тэр үед маш их ачаалалтай ажилладаг. Хичээлээ заахаас гадна нийтийн цэвэрлэгээ, бусад олон ажилд оролцоно. Тийм болохоор хүүхдүүддээ харагдах нь ховор. Ээж маань хүүхдүүдэд хичээл заахдаа өөрийн гэсэн өвөрмөц аргатай. Жишээлбэл, уран зохиолын хичээл заахдаа дөрвөн талдаа дөрвөн хүүхэд зогсоогоод, асуудаг. Дөрвүүлээ зэрэг ярина. Хичээлээ уншчихсан нь түгдрэлгүй ярина биз дээ. Тэгэхээр асууж байх хоорондоо хэн нь түгдэрч байгааг нь мэднэ. Тийм хүн байсан. Багш нар өглөө гараад, орой орж ирнэ. Хүүхдүүддээ олдохгүй. Бид араар нь үймүүлж өгнө шүү дээ. Гэхдээ багшийн хүүхдүүд онц сурна. Багшийн хүүхэд муу сурвал нэр хүнд нь дагаад унана биз дээ. Тийм болохоор хүүхдүүдээ сурлага сайтай байлгахын төлөө хичээдэг. Хичээл, даалгавраа сайн хийсэн эсэхийг шалгана. Намайг бага байхад гурван сонин гардаг байсан юм. “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” гэдэг сонинууд гарна. Тэр сонинуудыг надад авчирч өгнө. Гэрээсээ хамгийн их сонин уншдаг нь би байсан юм. Хажуудаа тавагтай боов, хар цай тавьчихаад л сонин уншина. Сониноо уншиж дуусгаад л шууд гараад гүйх гэнэ. Тэгэхээр ээж “Хүүе, со­ниноо уншиж дууссан уу. Одоо надад юу унш­са­наа ярьж өг” гэнэ. Зарим үед би уншсан сони­ноо ярьж өгдөг байлаа. Тийм л мундаг байсан даа.

-Монгол хэлний багш байсан учраас таныг унших дадалд сургаж байж дээ?

-Ээж маань их зүйлийг зааж, сургаж байсан. Аав, ээж хоёр бидэнд зуны амралтаар олдоно. Байнга хамт байдаг байсан. Тэр үедээ сургаж болох бүхнийг л зааж өгнө. Зөв дуулахыг хүртэл заасан. Манай аав, ээжийн талд дуулдаг хүн бараг байхгүй. Солгой хоолойтой. Би ч багадаа сайн дуулж чаддаггүй байсан. Харин ээж минь хөгжмийн сонсгол суулгаж өгөх гэж хичээж, заасаар сургасан. Тэр үед радиогоор “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэг явна. Дуу явахаар радиогоо чангалаад, “Дагаад дуулаарай миний хүү” гээд л дуулуулна. Тэгсээр байгаад сурсан. Би Монголын бүх тайзан дээр гарч, дуулж үзсэн, дуучин хүн шүү дээ. Дуурь, драмаас авахуулаад аймгуудын театрын тайзан дээр гарч, дуу дуулсан даа. Хичээгээд, зүтгээд байвал болдог гэдгийг багш нар л мэддэг. Тиймдээ ч намайг хөгжмийн мэдрэмжтэй, сонсголтой болгосон. Манай ах, дүү нар дунд дуулдаг хүн бараг байхгүй. Одоо бодоход ээж минь надад илүү их анхаарч, зааж, сургаж байж дээ. Зургадугаар ангид байхдаа гуравдугаар улирлын амралтаар сар амарсан юм. Амралтаар хүүхдүүдийг малчин айл руу явуулж, мал төллөхөд туслуулдаг бай­сан. Би аавынхаа дүүгийнд очиж тусалсан юм. Айл руу явахад ээж маань гурван ширхэг монгол бичгийн ном өгсөн. Тавын дэвтэр таван ширхгийг өгөөд, монгол бичгийн номоо уншаад, тэмдэглэл биччихээд ирээрэй гэсэн. Би номоо уншаад, бүгдийг нь хуулж бичиж дуусгасан. Номоо дуусгасны дараа ном, дэвтрээ аваад, тэр оройдоо өнөөх айлаасаа оргож байлаа. Нүүрсний машинд суугаад гэр рүүгээ харьчихсан. Ээжийн минь зааж, сургасны ачаар би одоо монгол бичгээр сайн бичнэ. Иргэдтэй уулзалт хийхдээ дандаа монгол бичгээр хүмүүсийн хэлсэн үг, санал, асуултыг тэмдэглэдэг. Ийм л зүйлсийг сургаж, ирээдүйтэй хөрөнгө оруулалтыг хийж байсан даа, миний ээж.

-Ээжийгээ байхад нь эмэгтэйчүүдийн баяраар сайхан баярлуулдаг байсан байх?

-Өөрийнхөө боломж, бололцооны хэрээр баярлуулдаг байсан. Ээж маань миний улс төрийн ажилд их сэтгэл хангалуун байсан даа. 1990 онд Ардчилсан хувьсгал хийсэн хүмүүст миний ээж багшилж байсан юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж миний ээжийн шавь. Мөн Б.Эр­дэнэбаатар гэж миний ээжийн төрсөн дүү “Хөх тол­бо”, “Ардчилал” сонины эрхлэгчээр ажил­лаж бай­сан хүн. Тиймдээ ардчилалд элэг­тэй, АН-ын ги­шүүн байлаа, миний ээж. Энэ ч ут­гаараа улс төрийн ажилд минь маш их сэтгэл хан­галуун, баяр­тай байсан. Ховд аймгийн АН-ын дарга бо­лоход их баярласан даа.

-Хүн бүр л ээжийнхээ ачийг хариулахын төлөө сэтгэл чилээж явдаг болов уу. Та ээжийгээ сайн сайхан явж баярлуулж. Гэхдээ зарим үед “тэгэх минь яав даа” гэж харамсах зүйл байдаг уу?

-Баярлуулж, уурлуулж байсан нь 60, 40-ийн харьцаатай л болов уу гэж бодож байна. Баяр­луулсан нь 60 хувьтай байх.

-Олон яруу найрагчид ээжийгээ байгаа дээр нь хайрлаарай гэж шүлэглэж, сургасан байдаг. Бид ээжээрээ хайрлуулаад, өөрсдөө хайрлахаа мартчихдаг хүмүүс юм шиг ээ?

-Ээж гэдэг хүн үргэлж дэргэд чинь байдаггүй юм. Тийм учраас байнга л хайрлаж явах ёстой. Би боддог юм. Багш хүнийг эрт тэтгэвэрт гаргамааргүй юм билээ. Хүүхдийн шуугиан дунд суугаад, өөрийгөө хөгжөөж, залуу хэвээрээ л байдаг. Гэтэл тэтгэвэрт гараад л хурдан хөгширчихдөг. Тийм болохоор дахиад хэдэн жил ажилуулах ёстой юм байна даа гэж бодогдсон.

-Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай ээждээ зориулж жилд нэг дуу бүтээхийг хичээдэг гэж ярьж байсан. Ээждээ зориулж дуун суварга бүтээж байна гэсэн үг л дээ. Та бас ээжийдээ зориулж өөрийнхөө чадахаар суварга бүтээдэг байх?

-Ховдод очих болгондоо л ээжийгээ санаж, самсаа шархирч, цээж хөндүүрлэдэг. Яагаад гэвэл, өсч торнисон газар, хашаа байшин гээд бүгд ээжийг минь санагдуулдаг. Ээж маань найман жилийн өмнө бурхан болсон. Түүнээс хойш өөрийнхөө хэмжээнд буян хийж, зөв мөртэй явахын төлөө л зүтгэж байна. Миний ээжийг нутгийнхан нь тэр чигээрээ мэддэг байсан. Алаг үнээтэй Сүрэнхүү. Телевизийн мэдээ зардаг Сүрэнхүү гээд бүгд мэддэг. Эгч маань телевизийн мэдээтэй сонин гаргадаг байсан. Түүнийг нь ээж маань сургуулиуд, албан газруудаар явж, зараад, мөнгийг нь явуулна. Дээрээс нь ерэн хэдэн оны үед Гачууртаас өөрөө ирж, нэг алаг үнээ авсан. Хүнд өгөөд явуулъя гэхэд алаг үнээг минь зовоочихно гээд ирж, машин дээр ачиж авч явж байлаа. Алаг үнээнийхээ сүүг зарна. Алаг үнээ нь зах дотор ч, захын хорооллоор явж байдаг байсан даа.

-Ээж чинь хэл, уран зохиолын багш байсан учраас шүлэг, яруу найрагт дуртай байх. Та шүлэг бичиж байв уу. Чуулган дээр үг хэлж байхыг тань сонсоход шүлэг бичдэг хүн болов уу гэж бодогдохоор байдаг?

-Ер нь захчингууд цэцэн, цэлмэг хүмүүс. Толгой холбож ярина. Харьцуулж, зөв талаас нь ярихыг хичээдэг. Захчин түмэн чинь 1630-аад оны үед үүссэн ястан. Ойрдын долоо хошуунаас хамгийн шилдэг, сайн хүмүүсийг сонгож, зах хязгаарыг манаж яв хэмээн захчин түмнийг бий болгосон байдаг. Олон хүмүүсийн газар газраас цугларч, цус их холдсон учраас хэл яриа сайтай, цэцэн цэлмэг байдаг. Би багадаа “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд ордог байсан. Гэхдээ тийм ч их амжилт олоогүй ээ.

-“Хүрэл тулгад” оролцож байсан гэхээр нэг өгөгдөл байж дээ, танд. Заримдаа ээжийнхээ талаар шүлэг бичье гэж дотор чинь буцлах үе байх уу?

-Би монгол хэлний хичээлдээ сайн байсан. Тийм болохоор хэлэх үгээ зөв сонгоод ярьчих хэмжээний авьяас бол надад байдаг болов уу гэж боддог. Хамгийн их ном уншсан, мэдлэг олж авсан, ухаарсан хүмүүс түүнийгээ бусдад мөр, үг холбож хүргэж чаддаг гэж би ойлгодог. Тийм болохоор би уран зохиолын ном байнга уншдаг. Ном унших тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Жишээлбэл, хуучин уншиж байсан номоо дахиад сэргээгээд уншихад тархи их сэргэдэг. Чи 10 дугаар ангидаа нэг зохиол уншсан байж гэж бодъё. 10 жилийн дараа дахиад уншихаар “Аан энэ хэсэгт нээрээ ингэдэг шүү” гэж санадаг. Энэ л тархийг сэргээдэг дасгал шүү дээ. Тийм учраас байнга ном уншиж байх ёстой. Би шүлэг бичье гэж нэг их боддоггүй юм. Ээжийгээ санавал ээжийн тухай дуу дуулж, тайвшрал авдаг. Дуу гэдэг бол тайвшрал авах хамгийн гол зүйл. “Ээжийнхээ ачийг яалаа даа” гээд л сайхан дуунуудыг дуулж, тайвшрал олж авдаг юм.

-Ширээн дээрээ тавиад, байнга уншдаг номтой юу. Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Ажлынхаа өрөөнд бол улс төрийн хол­бог­долтой ном тавьдаг. Гэртээ бол янз бүрийн уран зохиолын ном уншина. Хамгийн сүүлд “Капит­лизм биднийг аварна” гэдэг номыг уншаад дуусч бай­на. Манайд нэлээд ном байгаа.

-Би таныг ээждээ зориулсан дуу бүтээлгэж, дуун суварга босговол гэж бодлоо. Өөрөө дуунд дуртай, дуулдаг хүн учраас?

-Би нийтийн дууг дуулах дуртай. Олон хүрсэн сайхан дууг аялаад явдаг. Хүн болгонд хүрсэн сайхан дуу зохиолгоод, хүн бүрт хүргээд, өөрөө түүнийгээ дуулаад явж байвал сайхан юм. Би энэ санааг чинь дэмжиж байна. Ээждээ зориулсан сайхан дуу уран бүтээлчдээр хийлгэнэ ээ.

-Эхийн хайрыг хүн бүр хамгийн агуу нь гэж зүйрлэж хэлдэг. Та эхийн хайрыг юутай зүйрлүүлж бодож явдаг вэ?

-Эхийн хайрыг юутай ч зүйрлүүлэх аргагүй агуу зүйл. Хүүхэд нь л сайн явбал эх хүн хамгийн их жаргалтай болдог. Миний хүү овоо доо гэсэн бодлыг ээжийнхээ сэтгэлд шингээж, суулгаж чадаж байвал ачийг нь бага ч болов хариулж байна гэсэн үг.


Н.Пунцагболд

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Ангилал


Twitter


Facebook