Д.Эрдэнэбат өвөлжилт хүндэрсэн тойргийнхоо сумдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэв

2018-02-14
|
Мэдээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ сарын 10-13-ны өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллалаа. Тэрбээр тойрогтоо ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газраас шагнадаг Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчаар тодорсон хамт олны шагналыг гардууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт үр тарианы 63 хувийг нийлүүлдэг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг. Өнгөрсөн зун гантай, хур бороо бага байсан ч тариаланчид нэг га-гаас авах ургацынхаа хэмжээгээр улсдаа тэргүүлж, тус аймгаас энэ жил нийт 10 гаруй улсын тэргүүний тариаланч хамт олон тодорчээ. Д.Эрдэнэбат гишүүн амжилт бүтээлээрээ улсдаа тэргүүлсэн малчин, тариланчдынхаа шагналыг гардуулахын зэрэгцээ өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, сумын удирдлагууд, малчидтай уулзаж өвс, тэжээлийн туслалцаа үзүүллээ. Сэлэнгэ аймгийн хувьд өвөлжилт хүндэрсэн таван сум байна. Орхон, Баруунбүрэн, Орхонтуул сумын хувьд илүү хүнд нөхцөлтэй байгаа аж. Тус сумдад 11 дүгээр сар гармагц цас удаа дараа орж өвөлжилт хүндэрсэн. Тал газраа 25-30 см, хунгарласан, уулаараа метр орчим, мал бэлчээрт явах ямар ч боломжгүй. Харин зун ган болсон учраас хадлан тэжээл авах боломж муу. Өвөл нь зуд боллоо. Тугал бяруунаас авахуулаад малын хорогдол гарч байна, уг нь боломжоороо хадлан тэжээлээ нөөцөлсөн байсан тухайгаа малчид ярьж байна. Гэсэн ч өвлийг хохирол багатай давахын тулд малчдын бэлтгэсэн хадлан, тэжээлийн нөөцөөс гадна аймгийн хэмжээнд 120 мянган тонн өвс, 46 мянган тонн тэжээл бүрдүүлжээ. Хойд сумдаар газрын гарц сайн байсан учраас бусад сумынхаа хадланг бэлдсэн. Гэсэн хэдий ч одоогоор өвс тэжээлийн нөөц дундарч байгаа учраас туслалцаа үзүүлэх шаардлага үүссэн талаараа тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад хандсан тухайгаа аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга мөн хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тус сумдад ажиллах үеэрээ Онцгой байдлын ерөнхий газартай хамтраад Улсын нөөцөөс олгож байгаа өвс тэжээлийн тусламж хэрэгтэй байгаа Орхон суманд 40 тонн өвс 20 тонн тэжээл, Сант, Сайхан сумдад тус бүр 20 тонн өвс, 20 тонн тэжээл, Баруунбүрэн суманд 20 тонн өвс, 20 тонн тэжээл, Орхонтуул суманд 60 тонн өвс, 40 тонн тэжээл сар шинийн өмнө шийдвэрлэлээ.

Тэрбээр хэдийгээр өвөл дуусч байгаа ч хавар мал төллөх үеэр малчдын хувьд хүндрэл үүснэ. Тэр үед нь мөн тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл, шийдвэрлэх асуудлаар малчидтай санал солилцсон юм. Цаашид Сэлэнгэ аймгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн онцгой бүс болгохын тулд эрхзүйн орчныг нь шийдэх хэрэгтэй байгаа төдийгүй байгаль цаг агаарын ган, зудтай ямар ч нөхцөл байдалд тэсвэртэй байх эрчимжсэн мал аж ахуй хөгжих суурийг нь тавих, хөрөнгө оруулалтыг нь шийдэх нь чухал. Мал малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэх, хэдийгээр зуд байгалийн гамшиг ч аль болох эрсдэлгүй туулах гарцыг хамтдаа шийдэх ёстой гэсэн юм.

Ангилал


Twitter


Facebook