Б.Пүрэвдорж: МАН-ын олонхи бодлого, судалгаагүй шийдвэр гаргадаг байдлаас болж Монгол төрийн нэр хүнд унаж байна

2018-02-01
|
УИХ-ын чуулган

    Та бүхэнд нэг зүйлийг сануулая. МАН-ын мөрийн хөтөлбөрт нэг ч төрлийн татварыг шинээр бий болгохгүй гэж хэлээд 65 суудал авсан. Гэтэл өнгөрсөн оны хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэхэд, ОУВС-гийн нэрээр 7 төрлийн татвар нэмсэн. Оны эцсээр 2018 оны төсөв хэлэлцэхдээ дахин хоёр төрлийн татварыг өөрсдөө буюу ОУВС-гийн нэрийг бариагүй шинээр татвар бий болгосон. Ингээд есөн төрлийн татвараар ард түмнээ нурууг нь бөхийлгөж байгаа. Өнөөдөр үүнээсээ нэгийг нь хасахаар оруулж ирж байх шиг байна. Есөн төрлийн татварыг нэмэхэд ард түмэн зарим хэсэг нь дуугүй байгаад байсан. Учир нь 2016 онд 280 тэрбум төгрөг халамжийн бодлогыг Ардчилсан нам явуулж байсан. Гэтэл өнөөдөр 2018 онд нийт 772 тэрбум төгрөгийн буюу 500 тэрбум төгрөгөөр илүү мөнгөөр халамжийн бодлого явуулж байгаатай шууд холбоотой. МАН ийм явуургүй бодлого явуулж байгаа.

Ер нь аливаа шийдвэрийг гаргахдаа бодлого судалгаагүй гаргаж байна. Приусын татвар нэмлээ гээд приустэй залуус жагсахаар тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулаад буцаах, хүүхдийн мөнгийг 40 хувь бууруулчихаад, мөн л Ерөнхийлөгчийн сонгуульд зориулаад, 100 хувь болгох жишээтэй. Энэ мэтээр бодлого, судалгаагүй шийдвэр гаргадаг байдлаас нь болж Монгол төрийн нэр хүнд унаад байгаа юм. Өнөөдөр бидний тавьсан шаардлагаас есөн төрлийн татвараас дөнгөж нэгийг нь буулгаж, дордохын долоон хувиар биелүүллээ. Тиймээс үлдсэн найман татварыг буулгахыг шаардаж байна. Та бүхнийг яаралтай дэгээр бусад татваруудыг буулгах, маш хурдан асуудлыг оруулж ирэхгүй бол бид бүхэн татваруудыг бүрэн буулгах хүртэл тэмцэх болно. Өнөөдөр ажил олгогчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, бүгд татвараа төлдөг. Түүнийг нь ард түмний амыг хаах гэж халамжид хавтгайруулан зарцуулж байгаад, харамсаж байна. Гэтэл энэ мөнгөөр нь маш олон ажлын байрыг, шинэ бүтээн байгуулалтыг хийх боломжтой байсан. Түүнчлэн маш их зардлыг сайд, дарга нарт зарцуулж байгаа. Энэ зардлуудаа хасч, баялаг бүтээгчдийн татварын мөнгийг буулгахыг Ардчилсан нам шаардаж байна.

Ангилал


Twitter


Facebook