Б.Пүрэвдорж: Малчдын өвөлжөө, хаваржааны бөөн хэрүүл одоо болно

Малчид, орон нутагт амьдарч буй иргэд ээ. Та бүхний эдэлж байсан маш олон эрх энэ хуулиар байхгүй боллоо. Тухайлбал,

1.Багийг хооронд нь нийлүүлэх эрхийг аймгийн ИТХ мэддэг болох нь. Сумын иргэд дэмжсэн эсэхээс үл шалтгаалан аймгаас шийдвэрлэх боломжтой болж байна.

2. Сум хоорондын хилийн заагийг шийдвэрлэх асуудлыг аймаг, Засгийн газар мэдэлдээ авсан. Өмнө нь сумын ИТХ-аар шийдвэрлэдэг байсныг болиуллаа. Одоо үүнээс шалтгаалан малчдын өвөлжөө, хаваржааны бөөн хэрүүл үүснэ.

3. Байгалийн баялагт шунасан этгээдүүдээс газар нутгаа хамгаалах үүргийг сумын ИТХ гүйцэтгэдэг. Гэтэл одоо энэ эрхийг хасаж ашигт малтмалын газраас дураараа лиценз олгодог болно.

4.Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан бол сумын ИТХ тодорхой арга хэмжээ авдаг байсан. Гэтэл төрийн эрх гэдгээр дээш нь татаж сумаас арга хэмжээ авах боломжгүй болгож байна.

5. Ашигт малтмалын лиценз авахдаа багийн иргэд сумын ИТХ-аас зөвшөөрөл авдаг байсныг болиуллаа. Тун удахгүй алт ухсан хүмүүс газар нутгийг чинь ухаж эхэлнэ гэсэн үг.

6.Сумын ИТХ-ын гуравны нэг нь төрийн алба хашиж болох заалт оруулсан боловч МАН хассан. Сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс ажил хийхгүйгээр МАН-ын сонгуульд л ажиллаж болох нь.

7. Сумын ИТХ-ын төлөөлөгчийг тодорхойгүй саналаар татах боломжтой болж байна. Сумын Засаг дарга, намын даргад таалагдахгүй л бол ямар ч үндэслэлгүйгээр татах нь.Сонгох, сонгогдох эрхэд халдаж болохгүй.

8. Сумын Засаг дарга төрийн хүн биш төрийн үйл хэргийг гэрээгээр төлөөлүүлэн хийдэг хүн болж байна. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсонд маш бүдүүлгээр халдлаа. Суман дахь төрийн үйл ажиллагааг саармагжуулсан хууль баталж байна.

2021-01-28